ИНЕГ нь “Эйр сервис нью” компанид 400 сая төгрөг төлөхөөр болж бууж өгчээ
Нийтэлсэн: 2015-12-01 01:47:56
Хоёр сар гаруйн өмнө ИНЕГ нь 80 саяар Д.Минжмаа гэдэг мундаг өмгөөлөгчийг хөлсөлсөн тухай шуугиан дэгдэж байсан. Энэ талаар иргэний нисэхийхэн “Эйр сервис нью” гэдэг компанитай байгуулсан гэрээ цуцлагдсантай холбогдуулан манайхаас 760 гаруй сая төгрөг нэхэмжилсэн, байгууллагыг олон тэрбум төгрөгийн төлбөрт оруулахгүй байх, дээрх маргаануудад манай байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ашигтай шийдвэрлүүлэх үүднээс мэргэжлийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан” гэж тайлбарласан. Дээр нь шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа хариуцлага алдсан холбогдох хүмүүс болон хохирол учруулсан байгууллага, хуулийн этгээдээс хохирлоо барагдуулах нь дамжиггүй гэж сүржигнэсэн. Гэтэл өдгөө шүүхийн шийдвэр нь ИНЕГ “Эйр сервис нью” хоёр нь эвлэрч төрийн байгууллага нь хувийн компанид 400 сая төлөхөөр үүрэг хүлээсэн гэнэ. өндөр үнэтэй өмгөөлөгчөөр хууль ёсны эрх ашгаа ийм маягаар л хамгаалуулжээ. 400 сая дээр өмгөөллийн хөлсөө нэмээд бараг хагас тэрбум төгрөг ИНЕГ-аас гарч байна. Одоо энэ 500 гаруй сая төгрөгөө “хариуцлага алдсан хүмүүсээс” хэрхэн гаргуулж байгууллагыг хохиролгүй болгохыг удирдлагаас нь харж л суухаас…“Эйр сервис нью” нь ангарын барилгаар мэргэшсэн айхтар компани. “Моннис”-ын Б.Чулуунбаатартай холбоотой өмнөх ангарын барилгын лут том луйвар залилангийн шуугиан олон удаагийн шүүх хурал нь энэ намраас л намжсан. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү, “ А жэт лимитэд” компани холбогдсон. Тэгвэл ахин нэг ангарын барилга баригдаж байсан болж таарчээ. ИНЕГ нь “Эйр сервис нью” компанид 2011 оны 6-р сард газрын зөвшөөрөл өгч “Чингис хаан” ОУНБ-ын аэродромын хашаан дотор ангарын барилга, агаарын хөлгийн зогсоол барихад зориулан газар олгожээ. Дараа нь уг газар дээр Ангарын барилга, агаарын хөлгийн зогсоол барих зөвшөөрлийг баталгаажуулж ангарын барилгаас өөр ямар нэг барилга барьж болохгүй гэсэн үүрэг хүлээсэн гэрээ ч байгуулжээ. Ингээд алдарт “Эйр сервис нью” компани ажилдаа оржээ. 2012 оны хавраас ажлаа эхэлж “Лиохона” компданиар хашаа бариулсан гэнэ. “Монар” компаниар барилгын зураг төслөө хийлгэсэн гэнэ. “Бадмаараг-Өргөө” компаниар бариулсан гэнэ. Үүнээс хамгийн том ажил нь Хятадын “Beijiny century House Architecture Design Co.ltd”-тай иргэний барилга болон инженерийн дизайны гэрээ байгуулж, ангарын барилгын зураг төслийг боловсруулж уг зураг төслийг БНХАУ-ын Аж үйлдвэрлэл, худалдааны удирдах газар болон барилгын яамаар хянуулж баталгаажуулсан гэнэ. Энэ мэтээр нийт долоон компаниар ажил хийлгэж нийтдээ 600 гаруй сая төгрөг төлжээ. Ийнхүү ангарын барилгаын ажил ид явагдаж байхад ИНЕГ нь 2013 оны 8-р сард мэдэгдэл өгч зогсоожээ. Ингээд “Эйр сервис нью” нь барилгын ажлын зардал дээрээ Хятад хийлгэсэн зургийн ажлын хөлс болох 1.4 сая юаниа нэмээд нийтдээ 762.7 сая төгрөг нэхэж шүүхджээ. Энэ заргын улмаас ИНЕГ нь 80 саяын үнэтэй хуульч авсан аж. Харин ИНЕГ –ын өндөр үнэтэй хуульчдын гаргасан үндсэлэлээр “Эйр Сервис Нью” нь Т хэлбэрийн ойролцоогоор 14 мянган куб бүхий нүх ухсанаас өөр ажил хийгээгүй гэнэ. Бүр ухсан нүхээ буцааж дар гэхэд ч хөдлөөгүй тул ИНЕГ нь 9.8 сая төгрөг төлж хувийн компаниар булуулжээ. Дээр нь техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох дүгнэлт,зураг төслийг хийлгээгүй, барилгын ажил эхлэх, үргэжлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас аваагүй байсан гэнэ. Гэхдээ үүнийг 80 сая байтугай найман саяын үнэтэй өмгөөлөгч ч гаргаад хэлчихнэ. Ангарын барилга нь эхнээсээ л Барилгын тухай хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн юм бол хууль бус зөвшөөрөлгүй барилга болж таарна. Үүнээс харахад ИНЕГ нь “Эйр Сервис Нью”-д нэг ч төгрөг төлөхөөргүй мэт атал ердөө Т хэлбэртэй суурийн нүхийг 400 сая төгрөгөөр худалдаж авсан болж таарч байна.
НУУЦ.мн
