УДШ-д ажилладаг ахаараа хүүг нь гаргуулж өгнө хэмээн настай эмэгтэйгээс 18 сая төгрөг залилжээ
Нийтэлсэн: 2015-11-27 01:45:12
Энэ удаад бас л төрийн том албан тушаалтны нэр хэлж байгаад хүү нь хоригдсон эмэгтэйгээс 18 сая төгрөг залилж авсан хэрэг гарчээ. 37 настай, дээд боловсролтой, үр тарианы агрономич мэргэжилтэй Б. Ганхуяг нь хорих 409 дүгээр ангид нэг камерд М.А-тай хоёр сар хамт хоригджээ. Тэрээр “…миний нэг сайн таньдаг Зандраа гэдэг ах УДШ-ийн Иргэний тэнхимийн тэргүүний ажил хийдэг хүн байгаа, одоо миний юмыг хөөцөлдөөд гайгүй болж байгаа, би гараад тэр хүнтэйгээ уулзаад чамд тусална” гэхийн хамт “гэхдээ мөнгөний хэрэг гарах л байх” хэмээн эртнээс дараагийн нүүдлээ бодож байжээ. тэгээд эгчийнх нь утсыг авч. Удалгүй хэрэг нь задраад үнэхээр гараад явжээ. Гарсан даруйдаа эгчээр нь дамжуулан настай ээжтэй холбогдож хүүгээ суллуулж аваг гэсэн итгэл хүсэл дээр нь тоглон 18 сая төгөрөгийг нь залилжээ. Хохирогч эмэгтэй “…Ганхуяг нь манай охин луу яриад миний утасны дугаар асууж авсан байсан. би танай хүүтэй хамт хоригдож байсан, хүүг чинь шоронгоос гаргаж өгөхөд тусална, манай ах маань Дээд шүүхэд нэлээн дээгүүр том ажил хийдэг, дарга нар нь байхгүй үед нь манай ах орлож үлддэг юм, харин та ахиухан мөгө бэлдээрэй гээд эхний ээлжинд 300 мянгыг авсан” гэжээ. Хүүгээ гаргаж авах нь гэсэн эмэгтэй баярлан нутагтаа очоод мөнгө бэлдэж цуглуулж эхэлжээ. Хамгийн түрүүнд долоон адуу байсныг нь нэгийг нь 400 мянгаар зарж 2.8 саятай болж авсан гэнэ. Тэгтэл удалгүй Ганхуяг ярьж 100 сая төгрөгтэй данс, иргэний үнэмлэх гээд данс тооцоог нь цагдаа битүүмжилсэн тул өөр хүний нэр дээр шилжүүлж бай гэжээ. Тэрээр хоёр сая төгрөг нэхсэнийг хотод байдаг охиноороо дамжуулан бэлнээр өгсөн гэнэ. Дараа нь хүүгээрээ дамжуулан 500 мянган төгрөгийг Ганхуягийн найз Баасандамба овогтой Анхтөр гэдэг хүний дансанд шилжүүлжээ. Дараа нь ээжийнх нь дансанд нэг сая төгрөг хийжээ. Мөнгө авах бүрдээ би бүгдийг нь ахдаа л өгдөг шүү, өөрөө нэгжний ч мөнгөгүй явж байна гэж настай эмэгтэйг улам бүр итгүүлж уяруулдаг байжээ. Ингээд л хөдөө явж Дээд шүүхэд ажилладаг ахдаа мах цагаан идээ эавчирах гэсэн хэмээн шатахууны мөнгө, одоо удахгүй хүүг чинь суллах гээд байна, Дээд шүүхийн ёс зүйн хорооны дарга Туяа гэдэг хүүхэн гарын үсэг зурж өгөхгүй байна тэрэнд мөнгө өгөх гэсэн юм гэх мэтээр байнга мөнгө авдаг болжээ. Заримдаа бүр надад хэрэгтэй байна хэмээн шууд нэхэж авдаг болжээ. Үе үе эмэгтэй рүү “таны хүү тун удахгүй гарах гэж байгаа шүү, бид хоёр хамтдаа хөтлөлцөөд очно” гэж утасдан бараг л уйлуулдаг байжээ. 7-р сарын эхээр Наадамын өмнө яг гарах гэж байна гээд 1.5 сая төгрөг бас л авчээ. Сүүлдээ би угаасаа танд буцаагаад л өгнө шүү дээ хэмээн нэхдэг болжээ. Энэ мэтээр 18 сая төгрөг өгсөн эмэгтэй сүүлдээ учирлаж “эгч нь одоо мөнгөний боломжгүй болж байна шүү, болж л өгвөл надаас мөнгө битгий гуйгаарай, байдаг л юмаа шавхсан шүү” гэж хэлсээр байхад маш чухал хүн хоолонд оруулах гээд байна, одоо энэ баяраар гаргах гээд байна хэмээн мөнгө нэхсээр л байж. Сүүлдээ аргаа өөрчилж дээд шүүхийн ахдаа өгөх гээд болоод найз Батзаяагаас нэг сая төгрөг зээлээд авчихлаа, дансанд нь хийгээрэй гэж тулгасанд арга буюу төлжээ. Дараа нь танай хүү яг үдээс хойш гэхэд шоронгоос суллагдана, орой хүүтэйгээ хамт баярлаарай гээд охиноос нь нэг сая төгрөг авчихжээ. Хамгийн гайхалтай нь энэ хэрэг илэрсэн үед ч настай эмэгтэй Ганхуягд итгэсээр байсан гэнэ. “Би нийт 18 сая төгрөг өгсөн, цаанаа үнэхээр Дээд шүүхийн ахдаа мөнгө өгөөд байсан байж магадгүй юм… ер нь бол шорон оронд ороод гараад ирсэн хүнд ажил төрөл олдохгүй хэцүү байдаг юм байна, намайг гарч ирэхэд эхнэр хаяад явсан охин маань өвдөөд эмнэлгээр их явж байна, ээж минь бас өвдөөд хэцүү байна гэж хэлж ярьдаг байсан…дараа нь ээжийнх нь биеийг нь асуусан чинь өнгөрчихсөн шүү дээ гэж байсан..би хүүхдүүдээ энэ мал эд хөрөнгө чинь төрсөн ахаас чинь илүү байна уу гэж загнаж байгаад заруулж байсан” гэж мэдүүлжээ. Эцэст нь хүү нь мэдээд “яагаад мөнгө төгрөг өгөөд байгаа юм бэ, би ялаа эдэлж байна шүү дээ” хэмээн уурлаж байж л зогсоожээ.
НУУЦ.мн
