“Хөх Монгол”-ын залуу хятад иргэнийг өмөөрч монгол хүнийг зоджээ
Нийтэлсэн: 2015-11-24 01:26:31
Хятадуудад дээрэлхүүлсэн үедээ аврал эрдэг “Хөх Монгол” нь бас хоёр талд ажилладаг бололтой. Оюу чулууны наймаа хийдэг, захирлын зөвлөх Одко гэдэг залууг БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хабу” зочид буудлын 606 тоот өрөөнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Баяндалайг “болгож тавьж” байхад өвөрлөгч иргэний найз Батбаатар нь ирж таарчээ. Тэрээр тусламж дуудсан агаад Төмөрхуяг Батбаяр гэдэг залуус шуурхай ирж Одког бас “болгож тавихдаа” өөрсдийгөө “Хөх Монгол”-ынхон байна гэсэн гэнэ. Энэ хэрэг нь захирлын зөвлөх Одко нь 2014 онд Хятадын иргэн Д.Баяндалайтай танилцан ажил хэргийн түншүүд болж хамтран ажиллахаар тохирсноос эхэлжээ. Удалгүй өвөрлөгч эр чулуу оруулж ир, энд бэлэн худалдаж авах хүмүүс олон байна гэсний дагуу нэлээд их оюу чулуутай Өвөр Монголын Эзэнэ хошууны Далайхүү балгасд байдаг гэрт нь очсон гэнэ. Гэтэл өвөрлөгч эр хэлсэн амандаа хүрч чулууг нь борлуулж өгсөнгүй. Харин ч хоёр хоносоны дараа чи дөрвүүлээ ирсэн, хоол унданд чинь 2000 юаний зардал гарсан, бас чиний чулуу борлогдоогүй тул би шатсан, нэмж 5000 юань төл гэж тулгажээ. Ингээд маргаан гарахад өвөрлөгч эр монгол залуусыг хятад цагдаагаар дарамтлуулж байгаад 6000 юань салгаж авчээ. Гэтэл наадамын өмнөхөн Буяндалай Улаанбаатард ирсэн болохыг залуус сонсжээ. Бүр “Хабу” зочид буудалд буусныг тодруулж аваад гал дөлтэй буусан аж. Өрөөнд нь ороод “чи ахиж таарахгүй гэсэн ингээд таарлаа даа” гээд шууд нүүрэнд нь буулгасанд өвөрлөгч эр хятадаар орилон ширээ тойрон зугтаажээ. Түүний орилох дуунаар хажуугийн өрнөөд нь буусан Журамт, Үнэнч гэх өвөрлөгчид хаалгаар шагайсан ч журамгүй зан гарган туслахын оронд өрөө өрөөндөө ороод хаалгаа тас түгжээд суучихаж. Одко хонгил гарч тусламж дуудах гэсэн Баяндалайг өрөөнд нь чирж оруулаад тухтайхан гөвшсөн гэнэ. Өвөрлөгч эр дараа нь би гурван удаа өрөөнөөөсөө гарч зугтаад мөн гурвөн удаа хөлнөөсөө чирүүлэн оруулсан гэж мэдүүлжээ. Энэ үед өвөрлөгчийн найз Батбаатар ирж утсаар ярьсаны дараа эхлээд өндөр том биерхүү залуу дараа нь ногоон футболктай намхан залуу ирж “Хөх монгол”-ынхан байна гээд Одког орон дээр дарж унаган толгой руу цохиж байтал цагдаа нар орж иржээ. “Хабу” зочид буудалд буусан өвөрлөгчид Монголд ямар ч бизнес хийдэггүй, наадам л үзэх гэж ирсэн хэмээн мэдүүлжээ.
НУУЦ.мн
