Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Кью Эс Си”, “Ти И Эн”-ий “гурвалжингаас” 3 тэрбумын татвар ногдуулах орлогыг нуун дарагдуулсан хэрэг илэрчээ
Нийтэлсэн: 2015-11-23 07:08:41
Он сар нь ч тодорхойгүй гэрээгээр төрийн өмчит компаниас хэдэн зуун иянган доллар хувийн ганц гишүүнт компаний данс руу шилжиж байдаг нь Монголд л гарах зүйл биз. 2010 оны гэх сар өдөр нь тодорхойгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК /худалдан авагч/, Ти И Эн /худалдагч/, Кью Эс Си /хөрөнгө оруулагч/ ‑ийн хооронд байгуулагдсан гурван талт худалдах, худалдан авах гэрээгээр төрийн өмчит компаниас 480 мянган доллар хувийн компаний дансанд шилжжээ. Дараа нь 11-р сарын 30-ны 034 тоот гэргээгээр 3.2 сая, 12-р сарын 30‑ны 033 тоот гэрээгээр 1,8 сая доллар гээд нийтдээ 5.4 сая доллар Дарханы төмөрлагийн үйлдвэрээс гарч “Ти И Эн” гэдэг хувийн компаний дансанд орсон. Тэгвэл энэ компани нь ганц гишүүнтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, татвар төлдөггүй болох нь тогтоогджээ. 5.4 сая доллароор зургаан вагон тоног төхөөрөмж орж ирсэн гэнэ. Мөрдөн байцаалтын явцад дээрхи доллар буюу 3,4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр улсын хилээр импортлохдоо гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих үнийн дүнг 2,6 тэрбум гэж бууруулан мэдүүлж 42,2 сая төгрөгийн импортын гаалийн татвар, 88,7 сая төгрөгийн НӨАТ төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, мөн 2,2 тэрбумын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, татвар ногдох орлогыг 2011 оны татварын тайланд тусгахгүйгээр 281,7 сая төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг илэрчээ. Нийтдээ “Ти И Эн” нь 3.0 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нуун дарагдуулж 412,8 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг мөрдөгчид тогтоожээ. Харин ганц гишүүнт компаний захирал “би татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тоног төхөөрөмж нийлүүлсний төлбөр 5.4 сая доллар нь цэвэр ашиг биш. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК‑д нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдийг банкнаас зээл авч байж урдаас импортоор оруулж ирсэн” хэмээн эсэргүүцжээ. Энэхүү гурван талт гэрээнд ноцтой гэмээр зүйл их бий. Гэрээнд хөрөнгө оруулагч нь “Кью Эс Си” компани гэсэн атлаа мөнгө нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК‑иас гарсан байдаг. Өөрөөр хэлбэл хувийн компаний хийх учиртай хөрөнгө оруулалтыг төрийн компани “даажээ”. Түүнээс дутуугүй гайхалтай зүйл дараа нь болсон. Ердөө жил хагасын өмнө хорь гаруй жилийн түүхтэй ган хайлах, хар төмөрлөг хайлуулж бэлдэц, цутгамал төмөр арматурын гол түүхий эд үйлдвэрлэх хүчин чадалтай Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг Концессын гэрээгээр хувьд шилжүүлэх Засгийн газрын 69-р тогтоол гэнэт гарсан. Тухайн үед Шинэчлэлийн ЗГ-аас төмөрлөгийн салбарыг бодлогоор дэмжих үүднээс Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудыг эзэмшдэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компанийг Концессын гэрээгээр хувьчлах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, үүнийг нь долоон яам дэмжсэн гэж тайлбарлаж байсан. Төмрийн хүдрийн маш баялаг ордтой төрийн өмчит компанийг концессын гэрээгээр 30 жилийн хугацаатай авсан “Кью Эс Си” компани гэгчийн тухайд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Харин үйлдвэрийг аваад ажилчдыг нь халж байна гэсэн шуугианд гүйцэтгэх захирал Батжавхлан ёс төдий хариулт өгч байсан. Ийнхүү Монголдоо ганцад тооцогдох том үйлдвэрийг концессын гэрээгээр хувьд шилжүүлж авсан ажиллагаа тун нууц болж өнгөрсөн. Тухайн үед ХХБ-ны “сахал” Эрдэнэбилэгийг цаана нь байгаа гэх яриа ч тархаж байлаа. Тэгвэл “Кью Эс Си” нь бүр дөрвөн жилийн өмнөөс ирээдүйд хувьчилж авах үйлдвэрийнхээ бөөрөнд “хачиг” шиг наалдсан байжээ. 5.4 сая доллар авсан “Ти И Эн” ч бас “сонирхолтой” компани гэнэ./үргэлжлэл бий/.
NUUTS.mn
