Г.Занданшатар эрх мэдлээ хэтрүүлж Г.Алтанд Лениний музейг барьцаалсан нь тогтоогджээ
“Шилэн” Цогоо гуайн цагтаа Зандан ерөнхий хэмээн хөл алддаг байсан Г.Занданшатарыг МАН-ын ЕНБД байхад 2012 онд “Алтжин” компаний Г.Алтантай гэрээ байгуулан нэг сая доллар зээлсэн. Энэ гэрээг хийхээс өмнө Ардын намын Сан хөмрөгийн хэлтсийн дарга алдарт Т.Бадамжунай ажлаа өгч орондоо нутгийн дүү Ж.Тамир хэмээх шавилхан залууг дэвшүүлсэн. Ингээд Г.Алтангаас нэг сая доллар зээлж барьцаанд нь Лениний музейг тавьсан гэрээг Ж.Тамир байгуулж Г.Занданшатар баталжээ. Гэтэл өдгөө энэхүү гэрээг МАН-ыг төлөөлөх эрхгүй этгээдүүд хийсэн болж таарч байна. Хуулийн гаргалгаа нь ч ингэж гарчээ. МАН-ын дүрмийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол Ардын нам даргатай байна. Монгол ардын намын дарга нь намын тэргүүн мөн”, 24.2.2 дахь хэсэгт “намыг дотоод, гадаадад төлөөлөх бүрэн эрхийг МАН-ын дарга хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг Мөн тус намын дүрмийн 29-р зүйлд зааснаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн хуралдааны зохион байгуулалтыг хангах, өдөр тутмын ажлыг удирдах, батлагдсан төсвийг захиран зарцуулах, архив, албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах эрх үүргийг хэрэгжүүлдэг аж. Тиймээс барьцааны гэрээг баталсан МАН-ын ЕНБД, гэрээнд гарын үсэг зурсан Сан хөрөнгийн хэлтсийн дарга нар нь В.И.Лениний музейн барилгыг барьцаалж гэрээ байгуулах эрхгүй этгээдүүд гэнэ. Хэрвээ намын өмнөөс гэрээ хийх тохиолдолд заавал ч үгүй намын даргаасаа итгэмжлэл авах хуулийн гаргалгаатай байсан. Гэтэл Г.Алтжинтай 2012 оны 11-р сарын 6-нд гэрээ байгуулсан бол тухайн үеийн намын дарга, махны үнэ мэддэггүй Г.Энхтүвшингээсээ бүхэл бүтэн сарын дараа буюу 12-р сарын 25-нд “иргэн Г.Алтантай тус намыг төлөөлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг МАН-ын ЕНБД Г.Занданшатар, Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Тамир нарт энэхүү итгэмжлэлээр олгов” гэсэн итгэмжлэл гаргуулж авсан байжээ. Ийнхүү Ардын намыг төлөөлж гэрээ байгуулах батлах эрхгүй хоёр том толгойтон дур мэдэн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болж таарчээ. Чухам энэ үндэслэлээр ТӨХ болон Үлэг гүрвэлийн музейн нэхэмжлэлтэй Лениний музейг хууль бус барьцаанаас чөлөөлүүлэх хэрэгт МАН ялагдах нь бараг тодорхой болжээ. Энэ заргад ТӨХ нь Г.Алтжинтай холбоотон маягаар оролцож байгаа нь өмнөх ЕНБД-ынхаа овоолсон шавар дээр хальтираад байгаа Ардын намыхны байдлыг улам ч хүндрүүлсэн. Гуравдагч этгээд болсон Г.Алтан нь барьцааны гэрээний обьект болох Лениний музейг Тусгаар тогтнолын ордноор солих хүсэлт давхар гаргасан. Хэрэв шүүх өмнөх гэрээг хүчингүй болгоод барьцааны обьектыг солиод өгвөл бизнесмэн хатагтайд бүр ч ашигтай тусна. Гэхдээ тэрээр ганцхан зүйлд санаа зовж байгаа нь Тусгаар тогтнолын ордон өөр этгээдэд барьцаалагдсан эсэхийг шалгаж тодруулах гэнэ. Г.Занданшатар ЕНБД, Т.Бадамжунай Сан хөмрөгийн хэлтсийн дарга болсон үеэс эхлээд намд мөнгө өгөх хүн олдохоо байсан тул санхүү нь шууд унасан. Тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гээд бараг барьцаалж болох бүхнээ барьцаалаад зээл авч байсан тул Тусгаар тогтнолын ордон аль хэдийн зээлийн барьцаанд тавигдсан байж магадгүй хэмээн Г.Алтан хардаж байгаа гэнэ.
NUUTS.mn