130 сая төгрөгний өв залгамжилна хэмээн эмэгтэй хүнийг өөртөө татаж ашиглаад баригджээ
Нийтэлсэн: 2015-11-16 07:17:40
Монгол хүүхнүүдийн энэ сул тал дээр гадна дотнын зальтай эрчүүд байнга “тоглолт” хийдэг. Булган аймагт бусдыг залилсан хэргээр шалгуулж байсан 29 настай Чонос овгийн Г.Мя… гэдэг залуу ааваасаа 130 сая төгрөгийн өв залгамжилах боллоо хэмээн Эрдэнэтийн нэгэн бүсгүйг залилаж хөөцөлдөх ажилдаа хэрэглэнэ хэмээн хоёр сая төгрөгийг хууран авчээ. Тэрээр маш уран аргаар энэ залиланг үйлджээ. Булганд шалгагдаж байгаа хэрэгт нь батлан даагч хэрэгтэй болсонд 130 сая төгрөгний өв залгамжлалын үлгэрээ зохион гэнэ бүсгүйг хуурчээ. Баян өв залгамжлагчтай суугаад сайхан амьдарна гэж итгэсэн гэнэ бүсгүй болсон явдлын тухай “…Мянгаатай Улаанаа гэдэг найзтай нь байж байхад танилцсан. Над руу мессеж бичээд байдаг байсан бөгөөд хамт амьдрахаар тохирсон. Тухайн үед надад аавынхаа хөрөнгөөс өвлөнө гэж яриад хот явж хөөцөлдөнө гээд 1.5 сяа төгрөг хүнээс хүүтэй зээлүүлсэн. Мөн ээж дээр чинь яаж хоосон очих вэ гээд 400 мянган зээлүүлж юм авч манайд ирсэн…бид хоёр хот орж Улаанбаатар хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очиход намайг үлдээгээд ганцаараа орсон. Удалгүй гарч ирээд намайг батлан даагч бол гээд гарын үсэг зуруулсан. Ингээд 130 сая төгрөгөө хүлээн хоёр хоносон. Тэгсэн чинь мөнгө дансаар хийнэ гэсэн гээд бид буцсан. Буцах замдаа вагонд зан ааш нь өөрчлөгдөөд байсан…Талийгаач аавынхаа 130 сая төгрөгний хөрөнгийг сүүлд суусан эхнэр хүүхэдтэй нь гурав хувааж авна гэж ярьж байсан.. би итгэсэн” гэжээ. Бүсгүйн ээж нь “…манай охин Мянгаа гэдэг залууг дагуулж гэртээ ирсэн. Тэр хоёр хамтран амьдрахаар болсон гэсэн. Мянгаа нь манайд байхдаа ааваасаа үлдсэн 130 сая төгрөгний өв хөрөнгийг сүүлд суусан эхнэр хүүхэдтэй нь хувааж авна гэж ярьж байсан.. .тэгээд байр авч охинтой минь тусдаа гарна гэж биднээр байрны зар харуулж, зарын дагуу утсаар ярьж эзэдтэй нь уулзаж байр үзэж байсан. Бүр биднийг дагуулан электрон барааны дэлгүүр орж байрандаа юм авна гэж баахан явсан…Өв залгамжилах мөнгөө авахад тэмдэгтийн хураамж 1,5 сая төгрөг тушаах хэрэгтэй гээд хүнээс зээлүүлсэн…хотод очоод манай охиноор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад батлан даалт бичүүлж авсан гэж байсан… манайд байх хугацаандаа Булган аймаг руу байнга явдаг байсан.. сүүлд манай охиныг буудалд авч орж зодсон байхаар нь хүнээс зээлүүлсэн мөнгийг нь төл гээд цагдаад өгсөн, тэгээд Булганд залилангийн хэргээр шалгагдаж байгаа мөн өв залгамжлал гэж мөнгө авахгүй болохыг нь мэдсэн” гэжээ.
НУУЦ.мн
