Налайхд “казакуудын гудамжаар явлаа” хэмээн монгол залууг зоджээ
Нийтэлсэн: 2015-11-16 02:36:39
Энэ дүүрэгт казак иргэд олноороо амьдардаг. Бидний өгүүлэх явдлаас үзэхэд казак монгол иргэд нь тус тусдаа гудамжинд суудаг агаад бие биенийхээ “харьяаны” газраар явдаггүй аж. Хэрвээ “хил зөрчвөл” зодуулах аюултай гэнэ. 28 настай, Шерүши овогт Монголхааны Б гэдэг залуу Налайх дүүргийн 4-р хороонд байрлах Алтайн 6 -р гудамжинд нэгэн монгол залууг “казакуудын гудамжаар явлаа” хэмээн зодож гэмтээсэн хэрэгтээ нэг жилийн тэнсэн харгалзах ял авчээ. Энэ гудамж нь казак иргэдийн нутаг дэвсгэр аж. Шүүх хэрэгтний үйлдлийг бусдын биед хөнгөн гэмтэл үзүүлсэн төдий бус үндэстэн хоорондын хагарал дэгдээж мэдэх нийгмийн эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж гурван жилийн хорих ял өгсөн ч тэнсжээ. Болсон явдлын тухай хохирогч “..тухайн өдрийн орой эхнэрээ ажлаас нь тосох гээд явж байхад М.Б-тай таарсан... намайг казакийн хороогоор явдаг чи хэн бэ гээд цохисон...хамт явсан залуу нь намайг зодох гэж оролдсон боловч надад бэртэл гэмтэл учруулаагүй...би биеэ хамгаалсан боловч Б-ыг дийлэлгүй нүүр лүүгээ хэд хэдэн удаа цохиулсан...казакийн хороогоор явдаг хэн бэ дахин казакийн хороогоор явах юм бол ална шүү гэдэг байдлаар зодож цохисон.... шүд хугарсан, эмчилгээний зардалд 200 мянган төгрөг авсан.” гэжээ. Гэхдээ бие биенээ таних тул өдгөө гомдолгүй гэдгээ баталж. Харин монгол найзаа зодсон казак залуу өдөржингээ уусан тул хэнийг хаана зодсоноо санахгүй байна гэжээ. Ер нь Налайхын казак залуус уламжлалт заншлаа гээж монголчууд шиг уудаг болсон гэнэ.
NUUTS.mn
