Н.Номтойбаярын бие төлөөлөгч Ш.Ёл намын гишүүнээ зоджээ
Саяхан АН-ын Б.Болор сайдын бие төлөөлөгч хүн зодсон гэх шуугиан дэгдсэн. Харин энэ удаад Ардын намыхны ээлж иржээ. Дорнодоос сонгогдсон Н.Номтойбаяр гишүүний бие төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дэд дарга Ш.Ёл намынхаа гишүүн М.Мөнхбаатарыг зодсон тухай нууцалсан баримт ил болжээ. Энэ явдлыг зодуулсан хүн нь өөрөө дэлгэсэн байна. Өдгөө хохирогч болоод байгаа тэрээр намын хороондоо сөрөг дуу хоолойг илэрхийлдэг цөөн хэдэн гишүүний нэг гэнэ. Тэрээр болсон явдлын тухай “…Ажлаа тараад гэртээ ирээд амарч байтал Ёл намайг дуудсан. Номтойбаяр гишүүний бие төлөөлөгч шүү дээ. 12-р байранд байдаг гишүүний байранд болсон явдал. Уулзах хэрэг байна гэхээр нь би очсон. Ортол хоёул ярья гээд архи задалсан... ярьсан. Намайг намын дотоод асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилаа, Бадамсүрэн эргээд дарга болсон. Чи энэ хүнээс уучлалт гуйх ёстой гээд шууд л тулгасан л даа. Тэгэхээр нь “би яасан гэж уучлалт гуйх ёстой гэж, намын дарга боллоо, одоо намайг уучлаарай гэх үү, би тэгж бялдуучилж гүйдэг чам шиг хүн биш ээ, тэгээд ч Намын дээд байгууллага нь түүний үйлдлийг буруутай гэж үзээд намын даргаас нь огцруулсан биз дээ” гэхчлэн нэлээн маргасан. Бадамсүрэн орлогч байх үедээ ядаргаанд орж эмнэлэгт хэвтсэн юм. Хичнээн муудаж сайдсан ч өвдөж зовсон үед нь очилгүй яахав гээд эргэж очсон. Тэр үед Бадамсүрэн намын даргаасаа огцорчихсон, үнэхээр сэтгэл санааны хүнд байдалтай байсан болохоор эмч хүний хувьд сэтгэл гарган туслаж дэмжих юу байна гэж хэлж байсан. Гэтэл энэ явдлыг Ёл мушгин “Чи Бадамсүрэнтэй уулзаад дарга болгож өгөөч” гэж гуйж явсан гэхээр нь гэнэт уур хүрээд “Би тангараг өргөсөн эмч хүн. Хүний биеийн байдал тийм байхад албан тушаал гуйгаад гүйж явах хүн мөн үү” гэхэд шууд зөрүүлээд намайг заамдаж авснаа нүүр рүү хоёр удаа цохиж, үүдэн шүдийг хугалсан. Тэр үед нь би баримтжуулаад өөрийнхөө гар утсаар нүүр хэсэг болон, үүдэн шүднийхээ зургийг авсан. Маргааш нь Ёлыг дагуулж яваад “Супер Дент” хувийн эмнэлэг дээр очиж шүдээ янзлуулж нэгэнт хугарсан болохоор түр наагаад орхисон. Төлбөр төлөөсийг нь Ёл төлсөн. Эр улс байна асуудлыг ингээд орхие гээд хаясан.. Гэтэл энэ хооронд миний нэр хүндийг гутаах, унагах зорилгоор зориудын гүжир гүтгэлэг явуулж, намаас хөндийрүүлж зайлуулах ямар арга байна бүгдийг сүвэгчилж, нийгэмд хэн ч биш болгож харуулах гэж үнэхээр улайрсан. Их олон зүйлийн ард би тэвчээр зааж гарсан. Хурал дээр энэ зургаа харуулаад зодуулж цохиулснаа яриад энэ хүн намын дэд даргад ёс зүйн хувьд тэнцэхгүй энэ тэр гээд гоншгоноод явбал явах л байсан шүү дээ” гэжээ. Тухайн үед намын байранд хэсэг бүлэг хүмүүс ирж архи уух, хор найруулах ажил л явагддаг, хааяа бүжиг болохоос өөр ямар нэгэн намын ажил явагдахгүй байна гэж шүүмжилсэн гишүүд Ш.Елыг өөрчилье гэсэн санал гаргажээ. Энэ үеэр дэд даргад намын хорооны дарга, Засаг дарга М.Бадамсүрэн нь Ёлоо, харин ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар нь М.Мөнхбаатарыг нэр дэвшүүлэх зэргээр сонирхолтой явдал болжээ. Хурлын явцад хор найрагдаад зодуулсан гишүүнийг унагасан гэнэ. Гэхдээ дэд даргад зодуулсан явдлыг өдгөө сөхөж байгаа нь үүнтэй холбоогүй аж. Ш.Ёлд цохиулаад наалгасан шүднийх нь паалан нь ховхорч унаад, дэргэдэх шүднүүд нь хөдөлгөөнд ороод эхэлсэн тул имплант суулгахаас өөр аргагүй болжээ. Нэлээд өндөр өртөгтэй энэ эмчилгээний тухай цохьсон хүндээ хэлтэл сэтгэл гаргахын оронд би чамд гар хүрээгүй гэж мэлзжээ. Ингээд арга буюу цагдаад хандсан гэнэ. Азаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байсан аж. Өөрөө өвдөх зовох ямар хэцүү байдгийг мэдэх хүн байж муухай зан гаргалаа хэмээн гишүүд нь дэд даргадаа ам муутай байна. Болсон явдал нь энэ аймгийн МАН-ын хороо бүлэглэлүүдийн зөрчил тэмцэлд идэгдэн суларч дарга нар нь нэр хүндээ алдаж ирэх жилийн сонгуульд өвдөг шороодох хэмжээнд очсоныг харуулж байна. Гишүүн нь хутга шөвгөний хэрэгт орооцолдож байхад бие төлөөлөгч нь хүний шүд хуга цохих нь аргагүй биз…
NUUTS.mn