Монгол түнштэйгээ муудалцсан солонгос захирал санхүүгийн баримтаа ковшийн шанаган дээр шатаажээ
Нийтэлсэн: 2015-11-11 03:41:38
Гадаадын хөрөнгө оруулалттай гэх компаниудад гадаад монгол эзэд нь муудалцаж зөрчилдөөд компаниа ч бизнесээ ч нураах нь өдөр болгон шахуу гарах болжээ. Монгол хамтрагчтайгаа муудалцсан Ким Хю Жин гэдэг солонгос захирал “Төгс зуурмаг” компаний санхүүгийн баримтуудыг ковшийн шанаган дээр тавьж шатаан дүвчигнэжээ. Тэрээр 2007 онд “Эм Си Эйч Эс” компанийг үүсгэн байгуулж иргэн Д.Д-г компанийн ерөнхий менежерийн ажилд авч хамтран ажиллаж эхэлжээ. Удалгүй монгол менеежерээ гүйцэтгэх захирлаар томилж, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулах болгосон гэнэ. “100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй хяналт шалгалт их дотоодын компани бол ийм зүйл байхгүй гэж намайг ятгасан тул би 100 хувийн хөрөнгө оруулалттай “Төгс зуурмаг” гэдэг монгол компани байгуулсан” гэж солонгос захирал баталжээ. “Эм Си Эйч Эс” нь “Төгс зуурмаг”-ийн эрээр үйл ажиллагаа явуулж байсан тул бүхий л орлого, бусдаас авах өр, төлбөр зэргийг монгол компаний данс, кассаар хүлээн авч байжээ. Д.Д нь элс хайрганы карьер хийж үзэх саналыг гаргасанд нөхрийг нь захирлаар тавин ахин нэг “Төгс эхлэл” гэдэг монгол компани байгуулжээ. Карьерын газрын үнэ нь 360 сая төгрөг болсонд тухайн үед урьдчилгаа 160 саяыг “Төгс зуурмаг”-аас төлж, үлдэгдэл төлбөрийг зээл авч барагдуулсан гэнэ. Ким Хю Жин нь “Техник импорт” ХК-иас 150 саяын авлагатай байснаас 100 саяыг нь Д.Д-т бэлнээр өгсөн гэж мэдэгджээ. Ингээд өөрийн үндсэн компани болох “Эм Си Эйч Эс”-ийн нэрээр “Төгс эхлэл”-тэй “Хамтран ажиллах гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулж Хан-Уул дүүрэг дэх Гишүүний аманд орших 56 га газарт элс, хайрга бутлах төхөөрөмж болон ангилагч машин суурилуулж сар бүрийн борлуулалтын орлогын 15 хувийг авахаар харилцан тохиролцсон гэнэ. Гэсэн ч Д.Д нь нөхрийн хамт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орлогынхоо 15 өгөлгүй унжсан тул шүүхэд ханджээ. Гэхдээ үүнээс өмнө монгол түнштэйгээ тангараг тасарчихсан байсан бололтой. Харин монгол компаний захирал эмэгтэй нь уг карьерын газрыг Ким Хю Жиний ямар ч оролцоогүйгээр цэвэр өөрийн хөрөнгөөр авсан гэжээ. Банкнаас зээл авахад солонгос захирлын байрыг барьцаалсан ч удалгүй чөлөөлүүлж өгчээ. “Техник импорт”-ийн гэх авлага нь үндэслэлгүй, мөн 150 сая төгрөг ч аваагүй гэнэ. Д.Д нь “Төгс зуурмаг” компанийг өөрийн 100 хувь өөрийн хөрөнгөөр байгуулсанаа баталжээ. Түүний компани нь Ким Хю Жины “Эм СиЭйч Эс” ХХК-тай карьерийн бизнес дээр хамтарч ажиллах гэрээ огт байгуулаагүй, борлуулалтын 15%-ийг өгнө гэж тохиролцсон асуудал огт яригдаагүй аж. Харин ч солонгос эр хамгаалалтын алба авчиран бетон зуурмагийн үйлдвэрийг нь түрээслэн ажилладаг байсан “Төгс зуурмаг” компаний 22 ажилчныг хүчээр хөөж гаргаад дотогш нэвтрүүлэхгүй болгосон гэнэ. Мөн Ким Хю Жин нь “Төгс зуурмаг” компаний санхүүгийн баримтуудыг ковшийн шанаган дээр тавиад шатаачихжээ. Улмаар үйлдвэрийн түрээсд өгсөн 2,4 тэрбум төгрөгийг аваагүй гэж сүрдүүлж эхэлж. Уулзаж учир зүйгээ ольё, яагаад түрээсийн мөнгө аваагүй гээд байгаагийн учрыг асуухад “.....Цаасан дээр ийм байгаа, энэ бол бизнес... карьерынхаа газрыг өг, тэгвэл цаасан дээрх өрийг чинь тэглэж өгнө... гэж тулгаж. Ингээд арга буюу Ким Хю Жинд холбогдуулан цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан гэнэ.
NUUTS.mn
