Хулгайд сэрдэгдсэн “Эрдэнэт тун”-гийн эм найруулагч захирлаа шүүх цагдаад өгчээ
Нийтэлсэн: 2015-11-10 03:20:30
Японы нэгэн зөвлөх монгол захирлууд ажилтан ажилчдаа хүндэтгэдэггүй учраас бизнес нь олигтой явдаггүй гэсэн гэдэг. Тэгвэл иймэрхүү нэгэн явдал болжээ. Захирал нартаа хулгайчаараа дуудуулсан эм найруулагч нэр төрөө сэргээлгэхээр шүүх цагдаад ханджээ. Б.С нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт тун” эмийн санд ажилд орж эм найруулагчаар гурван сар ажиллаад сүүлдээ тэсэхээ байн ажлаасаа гарчээ. Тэрээр “…ажиллахад маш хүнд, хувийн эмийн сан учраас намайг элдвээр дайрч доромжилдог болохоор арга буюу миний бие уг ажлаас гарсан болно. Энэ 3 сарын хугацаанд захирал Н болон түүний ээж Г нь удаа дараа хулгайн хэрэгт гүтгэж, “Чи камер дор хулгай хийгээд сурсан хулгайч юм” гэж гүтгэн доромжилдог ба хэлэх хэлэхгүй үгээр хүмүүсийн дэргэд нэр төрийг алдар хүндийг минь маш ихээр гутаалаа. Арга буюу миний бие хулгай хийж үзээгүй, мөн намайг хэлэх хэлэхгүй үгээр хүмүүсийн дэргэд болон утсаар ярьж доромжилж, дарамталдаг байсан учраас сэтгэл санаагаар маш их унаж гэр бүлийн орчин таагүй болсон учраас эдгээр хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан, цагдаагийн байгууллага буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож надад хариу мэдэгдсэн болно. Тиймээс миний бие хүнийг үндэслэлгүйгээр хулгай хийсэн гэж гүтгэж, нэр төрийг минь олон хүмүүсийн өмнө гутаан доромжилсон үйлдэлд нь гомдолтой байгаа ба эдгээр хүмүүсийн өмнө хийсэн хэрэг байхгүй учраас нэр төрийг минь сэргээн цагаатгаж өгнө үү” гээд таван сая төгрөг нэхэмжилжээ. Экс эм найруулагч хулгайн хэрэгт гүтгэсэн хэмээн захирлоынхаа ээжийг цагдаад өгч шалгуулжээ. Шалгалтаар хулгай хийсэн нь тогтоогдоогүй тул Г.Г-г хүн гүтгэсэн хэмээн захиргааны арга хэмжээ авсан гэнэ.
NUUTS.mn
