“Монроуд”, “Юнигаз”-аас 1.5 тэрбум салгаж чадсан Мухарямов гэж орос хэн бэ ?
Нийтэлсэн: 2015-11-10 01:59:29
Монголын хоёр алдартай компаниас хуулийн хэллэгээр итгэл эвдэн залилан сэхлэх аргаар 1.5 тэрбум гаруй төгрөг залилсан Мухарямов Руслан Рустамович гэдэг орос тодорчээ. Тэрээр өдгөө цагдан хоригдож байна. Хуульч мэргэжилтэй 33 настай орос залуу нутаг нэгт Султанов Руслан Ахсановичтой бүлэглэн “Монроуд” компаниас 2000 тонн битум буюу авто замын үндсэн түүхий эд нийлүүлэх гэрээ байгуулан урьдчилгаа хэмээн 680 мянган доллар буюу 977.8 сая төгрөг, “Юнигаз”-аас 456 тонн пропан болон бутан буюу шингэн түлш нийлнэ хэмээн 190 мянган доллар буюу 325.5 сая төгрөг авч чаджээ. Хоёр залилагч орос Оросын Холбооны Улсад үйл ажиллагаа явуулдаг гэх “Альянс” группийг төлөөлөн гэрээ хийдэг байжээ. Энэ гэрээнд “Монроуд”-аас гүйцэтгэх захирал Б.Тэнгис, “Юнигаз”-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Баасанцогт нар нь гэрээ байгуулжээ. Маш том мөнгөн дүнтэй гэрээ байгуулж байгаа мөртлөө хоёр оросын хэнтэй нь хийсэн, тохиолцсоноо мэдээгүй байсан хэрэг Монголын топ компаниудаас гарчээ. “Юнигаз”-ын Б.Баатарзаяа нь “…би Мухарямов Руслан Рустамовичтой утсаар ярьж байгаагүй, харин манай ажилтан орос хэлтэй, тийм учраас Мандал нь Мухарямов Руслан Рустамович, Султанов Руслан Ахсанович хоёрын хэнтэй утсаар юу гэж ярьж байсан эсэхийг би мэдэхгүй байна…” гэжээ. Бараг л утасны цаанаас яриад л гэрээнд заасан шингэн түлшийг хэзээ нийлүүлж дуусах, хэрвээ түлш нийлүүлэх боломжгүйд хүрсэн тохиолдолд төлбөрийг хэзээ буцааж өгөх талаар тохиролцоогүй шахам байж их хэмжээний төлбөр шилжүүлчихсэн байсан гэнэ.
NUUTS.mn
