Монголбанкныхан Г.Уянгын “мэдээлэгчийг” хэрхэн харгисаар хэлмэгдүүлсэн бэ ?
Нийтэлсэн: 2015-11-09 01:23:26

Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкныхан мөнгөөр яаж тоглодогийг харуулсан ноцтой баримтыг дэлгэсэн. Түүний гаргаж тавьсан ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар өөрсдөө 3.7 тэрбумыг хувааж авсан нь олон нийтийг цочроосон. Мөнгө өгсөн жагсаалтаас харахад захирал дарга нар нь ихийг ажилтнууд нь “багаханыг” авчээ. Гэхдээ тэр бага нь л жирийн иргэдийн хувьд асар их мөнгө байсан. Н.Золжаргалын зөвлөх, Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд л гэхэд 180 төгрөгийн буцалтгүй тусламж авчихсан.. Араас нь 139.5 саятай Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал Х.Дэлгэр нар шил даран орсон. Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд, Хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын захирал Х.Дэлгэр нар нь Монголбанкны Ерөнхийлөгчийн Захирлуудын зөвлөлийн гишүүн тул ийн дээгүүр жаалах нь аргагүй биз. Хэдий Захирлуудын зөвлөлийн гишүүн ч Тамгын газрын дарга Д.Чимэд-Юндэндээ ердөө 90-хэн саяыг өгсөн нь дараа нь жаахан “алагчилсан” болчихсон сурагтай. Г.Уянга энэ явдлын тухай “Баримт бол баримт. Хэрэгтэй гэж үзвэл шүүхэд баримт нотолгоогоо гаргаж өгөх байх. Би УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу л шаардлага тавьсан. Энэ талаар би урд нь чуулган дээр сөхөж асуусны дараа Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлан над дээр амьсгаадчихсан гүйж ирээд тийм зүйл огт байхгүй гишүүнээ гэж байсан. Хэрвээ нотлогдох юм бол тэр хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой” гэсэн. Тэгэхээр дэд ерөнхийлөгч мөнгө тараалтын гол эзэн байсан бололтой. Олон нийтийн дургүйцлийг асар ихээр төрүүлсэн энэ үйл явдлын дараа Монголбанкинд Г.Уянгын мэдээлэгчийг олж илрүүлэх өргөн хүрээний ажиллагаа явагджээ. Мөнгө тараасан баримт 3-р сарын 5-нд дэлгэгдсэн бол ердөө маргааш орой нь л “эзнийг” нь олчихсон байжээ. Тэр нь Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах эдийн засагч Ш.Ч болж таарчээ. Тэр оройдоо Аюулгүйн албаны дарга нь ажлын компьютерийг нь хураан авсан гэнэ. Ахлах эдийн засагч тэр дороо л байгууллагдаа хамгийн их үзэн ядагдсан хүн болон хувирсан. Дөрөв хоногийн дараа ажил тарснаас хойш Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал удирдлагын хамт дуудаад Г.Уянгад мэдээлэл дамжуулсан, нууц задруулсан гэж дайрчээ. Ахлах эдийн засагч буруугүй гэдгээ хэлсэн боловч итгэх хүн гарсангүй. Дотоод хяналт шалгалтаар өөрийн ажил үүрэгт үл хамаарах, “байгууллагийн маш нууц” зэрэглэлийн мэдээлэлийг албан тушаалын байдлаа ашиглан FRC программаас олж авсан хадгалсан чинь тогтоогдсон гээд маргаашнаас нь буюу 3 сарын 11-ний өдрөөс хоёр сарын цалингүй чөлөө өгчээ. Чөлөөний хугацаа дуусаад ажил дээрээ иртэл харуул нь оруулсангүй. Тэр өдрөө ажилдаа буцаж орох хүсэлтээ Тамгын газарт гаргаад буцжээ. Сар гаруйн дараа Тамгын газрын Хүний нөөцийн хэлтсийн захирал Эрдэнэтуяа дуудаж “мэдээлэл задруулсан хэрэгт чамайг буруутгаж байгаа, чи өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гарч болно” гэснийг ажилтан хүлээж аваагүй аж. Монголбанкныхан мөнгө хувааж авсан мэдээллийг Г.Уянгад дамжуулсан гэх ажилтандаа маш их хорсож занасан бололтой. Түүнийг ажлаас нь халаад зогсохгүй Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албаны эрх үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлтэй гэж үзээд саяхан АТГ-д шалгуулахаар өгсөн гэнэ. Уг нь өөрсдөө л шалгуулах учиртай атал мэдээлэгч гэгдсэн ажилтныг ийнхүү “боловсон” ч харгис цэвдэг аргаар одоо ч гэсэн хэлмэгдүүлсээр байна. Ерөнхийлөгч Н.Золжаргал нь мэдээлэл дамжуулсан гэх ажилтныг өөрөө байцаасан, дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нь Г.Уянга дээр амьсгаадаж гүйж ирсэн зэрэг нь бульхайгаа ямар их нууцалж дарж байсныг нь харуулсан. Энэ явдалд саяхнаас “Улстөрчдийн дуу” хэмээн цахимд тараад байгаа :
“Зөв буруу идлээ гээд зөндөө хүмүүс муулж байна,
Зөв ч бай буруу ч бай зөвхөн ИДЭХ нь л чухал шүү” гэдэг дуу яг таарч байна.
НУУЦ.мн
