НДЕГ-ын дарга Ц.Уртнасан 430 саяын хахуулын хэрэгт холбогдож байжээ
Нийтэлсэн: 2015-11-04 02:35:05
Айлыг гэрийн эзнээр нь албан газрыг даргаар нь дүгнэдэг. Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 430 сая төгрөгний үнэ хүрсэн газрын захирамж гаргаж байсан Ц.Уртнасангийн удирддаг нийгмийн даатгалынхан 40 тэрбумыг завшсан шуугиан дэгдээх нь аргагүй биз. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан З.Эрдэнэбат нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж А/504 тоот гаалийн хяналтын талбайн зориулалтаар “Тэгүлэн хүлэг” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт 10 га газар олгосон захирамжийг Аймгийн засаг даргын орлогч Ц.Уртнасангаар гаргуулж “Тэгүлэн хүлэг”-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Жин гуанг /Алтангэрэл/ гэгчээс Монгол улсын иргэн Б.Очирбат, Ц.Зоригтбаяр нарын дансаар дамжуулан 430 сая төгрөг авсан хэрэгт харин НДЕГ-ын дарга нь Өмнөговь аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2011 оны 8-р сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт “Тэгүлэн хүлэг” -нд 80 сая төгрөгийн суурь үнэлгээтэй 10 га газрыг эзэмшүүлэх, иргэн Ц.Зоригтбаярын нэр дээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт 3.600.000 төгрөгийн үнэлгээтэй 900 мкв газрыг эзэмшүүлэх А/504 тоот захирамж гаргаж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Энэ хэрэгт аймгийн ЗДТГ-ын төлөөлөн оролцсон Ч.Баярмаа нь “….Ц.Уртнасан нь засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэтрүүлэн захирамж гаргаж “Тэгүлэн хүлэг” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна” гэжээ. Харин аймгийн алдарт Засаг дарга Б.Бадраа нь 2011 оны 9-р сарын 21-ний өдрийн А-578 дугаартай захирамжаар Засаг даргын орлогчЦ.Уртнасангийн А-504 тоот захирамжийг хүчингүй болгожээ. Тэрээр энэ тухайгаа.”Би 2008 оны 11-р сарын 6-ны өдрөөс эхлэн аймгийн засаг даргаар ажиллаж байна. Ц.Уртнасан нь 2011 оны 11-р сарын 24-ний өдрөөс томилогдож 2012 оны 5-р сарын 30-ны өдөр чөлөөлөгдсөн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тохиолдолд захирамж гаргах эрх бий болно. Түүнээс засаг даргын эзгүйд хөрөнгө мөнгө, боловсон хүчин, газар эзэмших, ашиглах, өмчлөлтэй холбоотой асуудалд захирамж гаргах эрх байхгүй. Бүр зайлшгүй нөхцөлд засаг даргатай зөвшилцөж зөвшөөрөл авч байж захирамж гаргах эрх олгогдоно. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. Энэ захирамж гарснаас нэг сарын дараа манай хуулийн хэлтсийн дарга Баярмаа танилцуулахад нь мэдсэн. Баярмаа хэлэхдээ засаг даргын орлогчид уг захирамжийг гаргах гэж байхад нь та газар олгох захирамж гаргах эрхгүй гэдгийг сануулсаар байхад зөрж захирамжийг гаргасан гэж байсан. Миний хувьд хууль зөрчиж гаргасан захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгосон” гэжээ. 430 саяын хахууль авсан Д.Эрдэнэбат нь “Анх газрын мэргэжилтнээр ажиллаж байхад Булгантамир гэж хүн намайг энд ажилладаг гэж яаж мэдсэнийг мэдэхгүй өрөөнд орж ирсэн. Тэгээд уулзах боломж байна уу гэж хэлэхэд нь “Би одоогоор ганцаараа ажиллаж байна уулзах боломж алга” гэж хэлсэн. Тэгвэл цайны цагаар тань уулзая гээд Даланзадгадад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд цайны цагаар хамт хоол идсэн. Тэгсэн чинь Булгантамир 2 ажилтай ирсэн. Нүүрсний квот авах бас нүүрсээ буулгах газар авах ажилтай ирсэн гэж хэлсэн. Тэгээд чамд боломж байна уу таньдаг хүн байна уу гэхэд нь би ёстой мэдэхгүй байна. Манай албанд хүсэлтээ өгч болно гэж хэлсэн. Би албан ёсоор танилцуулаад өгье гэж хэлээд хоол идээд гарсан. Булгантамиртай хоолонд ороод гарч байхад Булгантамир миний гараас татаад Уртнасан мэдэж байгаа миний ажлыг хурдан бүтээж өгөөрэй гэхэд тухайн үед миний дургүй хүрч байсан.....Уртнасан дарга олон захирамж дунд оруулаад зуруулчихсан байсан гэж мэдүүлсэн гэж сонсоод дараа нь намайг хууль бус захирамжийн төсөл бичээд батлуулчихаж гэж хэлж магадгүй гээд өөр дээрээ хадгалсан. Би өмгөөлөгчөөрөө дамжуулж албан ёсоор өгье, түүн дээр Уртнасан даргын гарын үсэг байгаа” гэж мэдүүлжээ.
НУУЦ.мн
