Нийгмийн даатгалынхан 10 мянган хүн “амилуулж” Чингис тодруулагчдыг ардаа орхижээ
Нийтэлсэн: 2015-11-04 01:52:32
Одоогийн байдлаар 40 тэрбумын хохирол учруулаад байгаа нийгмийн даатгалынхан “Мөрөөдлийн баг”-ийн хэдийг ардаа орхижээ. Бүр Чингис тодруулагчдыг ч гүйцэж түрүүлсэн. Тэд ердөө нэгхэн хүнийг амилуулах гэж бөөн юм болдог бол нийгмийн даатгалынхан ширээний цаанаас хэдэн мянгаар нь амилуулж чадсан. Нийгмийн даатгалын сангаас банкуудад 10,7% хүүтэй мөнгөө хадгалуулдаг. Харин банк ахмадуудад 18% хүүтэй тэтгэврийн зээл өгдөг агаад зөрүү гэхэд л 7.3% болж байна. Монголын бүх тэтгэвэр авагсдын 70 шахам хувь тэтгэврийн зээлийн өртэй. Өртэй ахмадууд нас барахад оршуулгын тэтгэмжийг нь суутгадаг. Гэтэл тэтгэвэр авдаг байж байгаад нас барсан ахмад настнуудын материалыг улсын бүртгэлд оруулалгүй, нэр дээр нь тэтгэврийн зээл авч байжээ. Улмаар улсаас уг иргэнийг нас бараагүй хэмээн тэтгэврийг нь сар бүр олгодог байсан бөгөөд нийгмийн даатгалын ажилтнууд уг мөнгийг нь тэтгэврийн зээл рүү нь шилжүүлдэг байсан аж. Тухайн хүн тэтгэврийн зээл авсан байх үедээ нас барсан бол зээлийн үлдэгдлийг батлан даагч нь төлөх ёстой болдог. Гэтэл нийгмийн даатгалын ажилтнууд батлан даагчтай нь хүртэл хуйвалдаж, зээл төлөлтөөс нь чөлөөснөөр өөрөө тэтгэврийг нь авах боломжийг бүрдүүлсэн байж болох нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн банкуудтай хуйвалдан нас барсан хүмүүсийн нэр дээр виза карт авсан байж болох байдлууд мөрдөн байцаалтын явцад илэрчээ.
НУУЦ.мн
