Хэлмэгдэгсэдэд өгдөг байрны м2 дээр ажилладаг гэнэ үү ?
Нийтэлсэн: 2015-11-04 01:09:28
Төрийн албан хаагчдаас санаанд оромгүй зүйл их гарах болжээ. Нас барсан иргэдийн тэтгэвэр дээр ажиллаж байсан нийгмийн даатгалынхны тухай шуугиан олон нийтийг цочроолоо. Гэтэл бид тэднийг “Хойморт өнжих нар” киногоор нь төсөөлөн маш сайхан сэтгэлтэй хүмүүс хэмээн бодож итгэж суусныг яана…Тэгвэл Цагаатгах ажлыг удирдан зхион байгуулах Улсын комиссоос халагдсан ажилтнуудтай холбоотой хэргээс нэгэн ноцтой гэмээр зүйлийг уншигчиддаа хүргэе. Ажлаас халагдсан нэгэн нөхөр байгууллагийнхаа хурал дээр “…Цагаатгалын комисс хичнээн мянган төгрөг идсэн, тэр байтугай м.кв-аас мөнгө иддэг, худлаа ямарваа нэгэн юм яадаг гэсэн биз дээ.Цагаатгалын комисс төр төлөөд иргэдэд байр өгдөг үү? өгдөг, тэрнээс тар нар м.кв-аас иддэг үү? иддэг. Тэр мэтийн юм чинь сая өнгөрсөн оны аудитаар тогтоогдоод байхад та нар тэрний талаар ярьдаггүй мөртлөө юм хэвлээгүй байна гээд дайрсан шүү дээ” гэж хэлсэн нь саяхны зарга дээр илэрчээ. Тэрхүү хурал өнгөрсөн оны 11-р сарын 28-ны өдөр болсон. Харин экс ажилтнуудын хууль бусаар халагдсан гэх шүүх хурал саяхан болсон. Бие биенээ буруутгасан захиргаа болон экс ажилтнууд үнэн зөвөө олохын тулд тэрхүү хурлын баримтыг протоколоор болон бичлэгээр гаргаж өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг өдгөө хэлмэгдсэн гээд байгаа Ю.Цэдэнбал даргын асуудлыг цагтаа шалгаж явсан УИХ-ын гишүүн Л.Цог даргалдаг. Харин өдөр тутмын ажлыг нь Улсын комиссын ажлын алба гүйцэтгэх агаад комиссын нарийн бичгийн даргаар Д.Дамбасүрэн ажиллаж байна. Хэрэг явдал Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн Судалгааны төвийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс харъяанд ажиллуулахаар шийдсэнээс эхэлжээ. Шинэ удирдлагатай болсноос хойш судалгааны төвийн эрдэм шинжилгээний 5 ажилтан, нягтлан бодогч, зохион байгуулагч, архив-бичиг хэргийн ажилтан гээд нийт 8 хүнийг нэг жилийн дотор бүгдийг нь халсан гэнэ. Анх нэгтгэхэд зохион байгуулагч, нягтлан хоёрыг халсан бол дараа ЭШ-ний ахлах ажилтан Х.М-ыг халаад цааш үргэлжилжээ. Үүнд судалгааны төвийнхөн дургүйцэж эхэлсэн нь мэдээж. Гэхдээ бидэнд халаа сэлгээ бус харин Улсын комиссын ажлын алба болон Судалгааны төвийн ажилтнуудын хамтарсан хурал сонирхолтой юм. Энэ хурал хоёр байгууллага нэгдсэнээс хойш бараг зургаан сарын дараа хийгдсэн гэхээр бие биесээ нэлээд сайн мэддэг болсон нь ойлгомжтой. Үндэслэлтэй л зүйл ярьсан байх… Хурлын дараа судалгааны төвийн ЭША А.Э-г “бусдыг үл хүндэтгэн харилцах, хэл амаар доромжлох, зүй бусаар авирлах сахилгын ноцтой зөрчил” гаргасан, ЭША П.Х-г мөн л дээрхи шалтгаанаар ажлаас нь халжээ. Хуралдаан дээр А.Э нь “...Олон удаа ном хэвлэсэн. Итгээд хэвлэчихсэн байх, бусдаар бид нар хэвлэ гэж шаардсан юм байхгүй. Ер нь ингээд камерийн өмнө яллах байдлаар гүтгэж өөдөөс хараад дайрдагаа болих хэрэгтэй нэгд, Хоёрт, Мөнхбаярыг ингэж байгаад ажлаас зайлуулсан. Одоо бид хоёр руу дайрч давшлаад ажлаас хөөх гэж байгаа юм байна л даа. Яагаад ийм хоёрын хооронд жижигхэн юман дээр ярьж байдаг юм. Цагаатгалын комисс хичнээн мянган төгрөг идсэн, тэр байтугай м.кв-аас мөнгө иддэг, худлаа ямарваа нэгэн юм яадаг гэсэн биз дээ.Цагаатгалын комисс төр төлөөд иргэдэд байр өгдөг үү? өгдөг, тэрнээс тар нар м.кв-аас иддэг үү? иддэг. Тэр мэтийн юм чинь сая өнгөрсөн оны аудитаар тогтоогдоод байхад та нар тэрний талаар ярьдаггүй мөртлөө юм хэвлээгүй байна гээд дайрсан шүү дээ., ...За боль л доо. Би хүүхдээ ганц худагт төрүүлэхгүй гээд орилоод явж байсныг чинь мэдэж байна шүү дээ” гэжээ. Үүнийг нь нягтлан Гантуяаг гүтгэж доромжилсон хэрэг гэж удирдлага нь үзжээ. Харин ЭША П.Х нь “Би бас хэлчихье. Хурал дээр нөхдүүд мэндлэхгүй байна. Залуучууд зөрөөд гараад байна гэдэг. Тэгэхэд би таньтай мэндлэхээр та буруу хараад доошоо ингээд зөрдөг байхгүй юу., ...Би сүүлийн үед мэндлэхийг оролддог. Гэхдээ хүн өөдөөс гөлийчихөөд ингэж хараад байхад хүн байтугай мал ч ингэнэ биз дээ. Тэрийг та бас мэдэж байвал зүгээр юм даа...” гэжээ. Үүнийг нь НБД Д.Дамдинбазарыг буюу удирдлагаа үл хүндэтгэсэн хэрэг гэж үзжээ. Бичлэгээс үзэхэд даргыгаа “гөлийчихөөд” гэж хэлэхэд судалгааны төвийнхөн шоолон инээлдэж байгаа нь харагддаг гэнэ. Гэхдээ эхний ЭША-ны хэлсэн үгийг хоосон гүтгэлэг хэмээн хүлээж авч болохгүй агаад үүнийг шалгаж тодруулах ёстой. Хэрвээ Улсын комиссынхон төрөөс хэлмэгдсэн иргэд, тэдний үр хүхдүүдэд өгдөг байрны м2 дээр “ажилладаг” бол энэ нь маш ноцтой агаад байж боломгүй хүнлэг бус хэрэг юм. Үнэхээр энэ үг гүтгэлэг байсан бол яагаад тухайн ажилтныг халснаар л асуудлыг хязгаарласан юм бол гэдэг нь сонин. Комиссын нягтлан эмэгтэй болон НБД нь онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн хэмээн хуулийн байгууллагад хандаагүй байна. Үүнээс гадна аудитын байгууллага ЦАҮБЗУК-ын 2012-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээ олон нийтэд ил гаргах цаг нь болжээ.
NUUTS.mn
