“Ар Монгол травел” компани Чойжин ламын сүмийн газраас “хумсалсан”-аа буцааж өгнө үү…
Нийтэлсэн: 2015-11-03 01:15:18
Хотын төвд Монголын уран барилгын гэх цөөхөн хэдэн сүм барилга үлдсэн. Гэтэл хөөрхий хэд нь эргэн тойронд нь баригдсан өндөр барилгуудад халхлагдан хараад ч хайгаад ч олдохоо байжээ. “Чойжин Ламын сүм”-ийг XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч 1998 онд “Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл” мөн болохыг нь тогтоосон тогтоол гаргасан. 2001 он ахин тогтоол гаргаж сүм музейн хашааны газар болон хашааны эргэн тойрны 6 метр хүртэлх буюу 2 /хоёр/ га газарт хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг Нийслэлийн Засаг даргад даалгажээ. НИТХ 2010 онд амгаалалтын бүсийн газрыг “Бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байх болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалт”-д оруулсан байна. Гэтэл баруун хойд талд нь “Ар Монгол травел” гэх хаягтай 4 давхар барилга баригдсан байжээ. Холбогдох газраар нь шалгуулахад барилга нь сүмийн хамгаалалтын бүсийн газартай давхацсан нь тогтоогдож. “Ар Монгол травел” нь 2001 онд хүсэлт гаргаад дараа нь Чойжин ламын сүмийн баруун хойд талд 0.069 га газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авчихжээ. Ингээд л зөвшөөрлөө сунгуулаад яваад байжээ. Хамгийн сүүлд 2010 онд сунгуулсан аж. Гэтэл “Чойжин ламын сүм” музей нь бүр 1998 онд Засгийн газрын тогтоолоор улсын хамгаалалтад байх үл хөдлөх дурсгалын жагсаалтад ороод 2001 онд мөн л Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүсийг 2 га хэмжээтэй байхаар тогтоосон байхад тэр жил нь хувийн компани нь газраас “хумсалсан” байжээ. Цаг хугацааны хувьд ч гэсэн Засгийн газрын тогтоол нь “Ар Монгол”-ын газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө батлагдсан. Засгийн газрын тогтоол батлагдаад бараг 10 жил өнгөрсний дараа арай гэж нэг юм нийслэлийн Засаг дарга захирамж гарган хамгаалалтын бүсийн хэмжээгээр эзэмшил газрыг баталгаажуулсан ч тэр хооронд нь хувийн компани хумсалсан газар дээрээ барилгаа барьчихжээ. Энэ барилгаас болж Чойжин ламын сүм музейн байшин барилгын эртний хийц, үзэмжийг холын зайнаас тольдон харах аргагүй болгосон. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд “Эртний хот, суурины үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь О,1-З км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газар тогтоож болно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан. Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Чойжин ламын сүм музейн эзэмшил газартай 227.4 м.кв-аар давхцуулан “Ар монгол травэл”-д газар эзэмшүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг илт зөрчжээ. Ийнхүү олон хууль илт зөрчин газар хумсалсан “Ар Монгол трэвэл” компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаад баилгаа буулган газраа өгөхийг түүх соёлын цөөхөн дурсгалаа хамгаалах гэсэн нийслэлчүүдийн эрх ашиг шаардаж байна. Энэ компаний хамгаалалтын бүстэй давхацуулан газар авч чадсан түүх нь хардлага төрүүлэх л зүйлийн нэг. Зөвшөөрөл авсан цаг хугацаагаар нь хөөхөд МАН эрх барьж байсан үетэй давхцаж байна. Түүнээс гадна энэ компаний нэр МАН-ын Д.Дондог гишүүний хэрэгт сонсогдож байсан удаатай.
НУУЦ.мн
