Цагдаагийн баяр тэмдэглэсэн ахлах ахлагч цагдаагийн дэд хурандаад гар хүрчээ
Нийтэлсэн: 2015-11-02 02:59:14
Сүүлийн үед цагдаагийн ажилтнуудын ёс зүйтэй холбоотой хэрэг их гарах болсон. Саяхан шүүх цагдаагийн дэд хурандаа болон цагдааг зодсон ЦЕГ-ын харъяа Хамгаалалтын 2 дугаар газрын харуулын цагдаа ажилтай, цагдаагийн ахлах ахлагч Д.Э-гийн хэргийг шүүжээ. Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын албадан саатуулах байрны дарга цагдаагийн дэд хурандааг зодож улмаар үйлдлийг нь таслан зогсоох гэсэн албадан саатуулах байрны цагдааг мөн эсэргүүцэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Ахлах ахлагч тухайн үед найз нартайгаа цагдаагийн баярыг тэмдэглэсэн байсан гэнэ. Энэ тухай хохирогч цагдаа П.Д нь “...албан байран дээрээ жижүүрийн 20 цагийн орчимд албаны дарга “жолооч нь чөлөөтэй байсан” учраас албаныхаа алаг…… улсын дугаартай автомашиныг өөрөө жолоодож ажлаас гарсан. Удалгүй ерөнхий жижүүр утасдаж “гадаа даргатай согтуу хүн маргаад байна, гараад оч” гэж хэлэхээр нь цагдаа а-тай хамт очсон. Албадан саатуулах байрнаас холгүй засмал замын хажууд нэг согтуу залуу орилж, хашгираад дарга руу дайрч, давшилж, хэл амаар доромжилж байсан…даргыг нэг удаа алгадаж байхад нь бид очсон...хууль ёсны шаардлага тавихад шууд эргэж хараад миний уруул, зүүн шанаан тус газар хоёр удаа цохиж гэмтэл учруулсан..бид нэмэлт цагдаа дуудаж байж арайхийж өчиж, хэвтүүлэн хөдөлгөөнгүй болгож байгаад цагдаагийн машинд суулгаж Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэсд хүлээлгэж өгсөн...”гэжээ. Нөгөө хохирогч нь “…намайг хажуугаар нь өнгөрөх үед цээж нүцгэн, согтуу залуу гараа өргөөд араас гүйгээд ирэхээр нь тусламж хэрэгтэй юм байх гэж бодоод зогстол “дөхүүлээд хаячих” гэж хэлсэн. Тэгэхээр нь “энэ такси биш” гэж хэлэхэд ..... гаргаж цээжээрээ машины цонхоор орж ирээд миний ам руу хийх шахсан. Би машинаасаа буугаад “чи яаж байгаа юм бэ, надад чам шиг дүү бий, уусан, идсэнээ шингээ” гэж хэлээд араас нь яваад очтол ямар нэгэн шалтгаангүйгээр шууд намайг барьж аваад нэг удаа зүүн талын шанаа, чих орчим мөргөсөн…. би жагсаал хувцастай явсан ба тэр залуу манай цагдаа нарын өөдөөс эрс эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилж өөрийгөө “цагдаагийн ахлах дэслэгч Э байна” гэж орилоход нь цагдаагийн албан хаагч гэдгийг нь мэдсэн. Мөн хамт явж байсан хүмүүс нь “ наад хүн чинь цагдаагийн албан хаагч” гэж хэлж байхыг нь сонссон” гэжээ.
НУУЦ.мн
