Хятадын Шенхуа Группийн дэд дарга амиа хорложээ
Нийтэлсэн: 2015-11-02 01:18:33
2015 оны 10 дугаар сарын 29-нд Хятадын Шэнхуа Группийн дэд дарга Ван Пин Ган байшин дээрээс үсэрч амиа хорлосон гэсэн мэдээ Бээжин, Шанхай, Тайван, Хонгконгын мэдээгээр тархлаа. Шенхуа Группийн хэвлэлийн алба түүний үхлийн тухай мэдээллийг баталж, амиа хорлосон гэхээс илүү мэдээлэл өгсөнгүй. Гэхдээ Хятадын хэвлэл мэдээллийг нягтлан шүүж үзвэл 2014 оны 11 дүгээр сарын 27 -ноос 31 хүртэл Шенхуа Группийн 271 нэр бүхий хүмүүсийг хууль бус үйл ажиллагаа явуулж, хахуул, авилга авсан гэсэн хэргээр гурван өдөр саатуулж шалгасан байна. Эдгээр шалгагдаж буй хүмүүсийн тоонд дэд дарга Ван Пин Ган, ахлах дарга Хао, технологийн хөгжлийн корпораци дарга Жан Вэнжиан, нүүрсний салбарын аюулгүй байдлын хэлтэсээс Лиү Баолун бa түүний орлогч захирал болон Шэнхуа группд бүртгэлтэй “Хуа Зө” гүүрний компани тус тус орсон байна. Хятадын Коммунист намын Авилгатай тэмцэх төв комиссooc Шенхуа Группийн менежментийн үйл ажиллагааг хянан шалгахаар 12 тусгай ажилтаныг илгээжээ. 2015 оны 5 дугаар сарын 5-нд комиссын шалгалтын үр дүнгээр 10 томьёлолоор 43 онцлог асуудлууд, 172 засаж залруулах арга хэмжээг тодруулж дараахь удирдамжийг гаргаж хэрэгжүүлж ажиллахыг шаарджээ.
Нэгт. Шенхуа Групп нь нүүрсний үйл ажиллагаа эрхлэх инженер, менежментийн хуулийг ноцтой зөрчсөн хэргээр комиссоос сахилгын хатуу сануулга өгсөн байна. Үүний дагуу тусгай хяналтын баг томилж ажлын хэрэгжилтийн явцыг 10н хоног тутам тайлагнах журмаар ажиллана гэжээ.
Хоёрт. Шенхуагийн нэр бүхий өндөр албан тушаалтнуудыг нэгдмэл байхыг анхааруулсан байна. Шалгалтын явцад, хувь хүний ашиг сонирхлоос болж удирдлагууд дотроо хагаралдах байдал үүссэнийг тодруулж, нэгдмэл байхыг шаарджээ.
Гуравт. Шенхуагийн үйл ажиллагааг хуулийн дагуу жигд явуулах үүднээс, ХКН-ын комиссоос 49 тусгай ажилтан компанийн удирдлага, менежмент, бас хөдөлмөрийн аюулгүй байдлыг засан залруулах үүрэгтэй ажиллах болно гэв. Комиссын тусгай ажилтанууд Шенхуагийн зарчмын доголдлыг илрүүлж, төрөөс эрхэмлэх зарчмийг хуулийн дагуу хэрэгжүүлнэ гэсэн удирдамжтай ажиллах юм байна.
Дөрөвт. Уул уурхайтай холбоотой дотоод болон гадаад үйл ажиллагааг тодорхой, нэгдсэн чиглэлтэй болгож, үр дүнтэй хариуцлагын тогтолцоог бий болгох гэсэн шаардлагыг тавьсан. Үүнээс гадна, Шенхуагийн уул уурхай, эрчим хүчтэй холбоотой үйл ажиллагааг Хятадын эдийн засагт нөлөөлөх шаардлагуудыг комиссоос тогтоож өгчээ. Үүнд: ажлын байрыг сайжруулж, нүүрсний борлуулалт, уул уурхайн инженерийн мэргэжилтэн, хүний нөөцийг дэд шатанд бэлтгэх, сургалт явуулах, удаан хугацааны чанартай ажил эрхлэлтийг дэмжиx маягаар үйл ажиллагаа явуулахыг шаардсан байна.
Хятадын компанийн нэг дарга амиа хорлосон л биз гэж бодох нэгэн байхад, энэ хүнтэй холбоотой, Шенхуа Групп гэх компани Монгол улсын Таван Толгойн ордыг ашиглахаар гэрээ байгуулах гэж байсан компани байсан гэдгийг Монголын Засгийн газар анзаарахгүй өнгөрч болохгүй. Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой мэдээ, мэдээлэл сүүлийн хэдэн сар иргэдийг болон улс төрчдийг тайван байлгасангүй. Тайван байлгах ч аргагүй. Гэтэл одоо бүр хамтран ажиллах гэж байсан компанийн нэг том дарга нь амиа хорлосон гэдэг мэдээ Шенхуатай гэрээ хийх гэж байсан сайд М. Энхсайхан болон түүний ажлын хэсгийн гишүүд, хамтрагч болох Монголын “МCS” болон “Энержи Ресурс” компанийн удирдлагад айдас бас ухаарал болон хүрэх ёстой.
Улс төр судлаач, Б.ЭНХ-ХҮСЛЭН
