Хоёр хүүхдийн бодлого буюу хятадууд үржээд хэд хүрэх вэ ?
Нийтэлсэн: 2015-10-31 02:10:38
Энэ сарын 4-нд ХКН-ын Улстөрийн товчоо албан ёсоор Мао даргынхаа үндэслэсэн “нэг хүүхдийн бодлого”-ыг цуцалж хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн тогтоол гаргасан. 1979 онд Мао дарга нь нэг хүүхдийн бодлогийг төрийн хэмжээнд хууль болгон хэрэгжүүлэх шийдвэрд гарын үсэг зурж байжээ. Тухайн үе хүртэл комммунист засаг нь төрөлтийг бүх талаар дэмжиж байлаа. Үүний “ачаар” 1949 онд 540 сая байсан Хятадын хүн ам 30 жилийн дотор 964 сая болтлоо өсжээ. Эртний Ромын түүхийг сонирхдог байсан их удирдагч эзэнт гүрнүүд бүх нөөц хуримтлалыг нь шавхаж цөлмөдөг хүн амын хэт өсөлтөөсөө болж сүйрсэн гэдгийг санаад байдлыг засах арга хэмжээ авахаар болсон гэдэг. Засгийн газрын судалгааны баг Хятадын хүн ам 700 сая байхад л хангалттай гэсэн тайланг удирдлагадаа танилцуулжээ. Уг тайлангийн дагуу Мао даргын санаачилсан “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогийг Коммунист намынхаа мэргэн удирдлагаар амжилттай хэрэгжүүлж чадвал 2080 гэхэд хүн амын тоо нь 700 сая болно гэжээ. Ийнхүү улс даяар “нэг хүүхдийн бодлого” хэрэгжиж эхэлсэн. Төрөлтийг хянах хязгараалах зохицуулахын тулд муж хот гацаа суурин бүрийн захиргаанд тусгай ажилтнууд орон тоог нэмэгдүүлжээ. Бодлого хэрэгжиж эхлэхийн хамт нууц үр хөндөлт, эмэгтэйчүүдийн савыг авах, эрчүүдийн үрийн сувгийг боох мэс ажилбар цэцэглэсэн. Нууц үр хөндөлтийн 90 хувь нь охидод хамаарагдаж байлаа. Улс орон даяар илүүдэл хүүхдээ хаях төөрүүлэх нь ихэсжээ. 1980 оны сүүлээр Коммунист нам бодлогооо бага сулруулсан. Хэрвээ эцэг эхийн аль нэг нь тахир дутуу бол хоёрдахь хүүхдийг зөвшөөрөх боллоо. Эцэг нь айлын ганц хүү бол мөн энэ зөвшөөрлийг өгдөг болсон. 2000 он гарахад Хятадад нэг хүүхдийн бодлогийг ур уршиг мэдрэгдэж эхэлжээ. Юуны урьд ажиллах хүчин эрс дутагдах болов. Энэ нь цаашдаа эдийн засгийн өсөлтийг удаашруулах боллоо гэсэн шүүмжлэл гарчээ. Одоогийн тооцоогоор 2030 он гэхэд 60 дээш насныхны тоо 400 саяд хүрэх бөгөөд энэ нь хүн амын 1/3-ийг эзлэх гэнэ. Хүн ам хурдацтай хөгширч байгаа нь эрүүл, нийгмийн даатгалын сул системтэй энэ улсын нуруун дээр хүнд ачаа болон буужээ. Өрх гэрүүд хөвгүүдтэй байхыг илүүд үзэхээр болсноор хүйсийн тэнцвэр алдагдаж өдгөө эрчүүд нь 70 саяар олон байна. Хэдийгээр Коммунист нам нь хоёрдахь хүүхдийг зөвшөөрсөн ч хятадууд Оросын Алс Дорнодынхон бас монголчуудын айж байгаа шиг тийм олноороо үржихгүй хэмээн судлаачид баталж байна. Хоёрдахь хүүхдийг албан бусаар зөвшөөрөөд байсан өнгөрсөн онд нийтдээ 2 сая хүүхэд төрнө хэмээн эрх баригчид нь тооцоолж байжээ. Гэтэл ердөө 600 мянган шинэ хүн нэмэгджээ. Энэ нь санхүүгийн хүндрэл,нийгэм эдийн засгийн олон хүнд асуудалд баригдсан хятадууд “эдийн засгийн” шалтгааны улмаас ганц хүүхэдтэй байхыг л илүүд үздэг болсоныг харуулж байна. Дундаж хятад өрхийн орлого боломж нь нэгхэн хүүхдэд л арай чүү хүрэхтэй үгүй болжээ.
NUUTS.mn