Со гавьяат наадамын найруулагчаар ажиллаад өрөнд орсон гэнэ
Нийтэлсэн: 2015-10-29 01:07:53
Саяхан урлагийн хэдэн томчууд уулзалт хийж төрөөс явуулж байгаа соёлын бодлогийг хэлэлцжээ. Хэлэлцүүлэг сүүлдээ гомдол тунирхал болоод явчихсан гэнэ. Төрд хууртагдсан хулхидуулсан найруулагчид хамаг зовлонгоо нэг сайн тоочиж авсан ч тэрхүү ууулзалтанд нь салбарын яам тамгын газраас нь нэг сэтэртэй хүн ирсэнгүй нь гачлантай. Хамгийн хатуу үгийг Со гавьяат хэлжээ. Нэг хэсэг түүнийг Наадамын нээлт хаалт муу хийсэн хэмээн зад шүүмжилсэн. Гэтэл үнэндээ мөнгөгүй шахам ажиллаад сүүлдээ өрөнд орсоноо ийн “…Төртэй ажилласан нөхцөл болгонд баас үнэртдэг. Татварын мөнгийг нь наадамчин олонд цэнгэхэд нь , бүтээлийг нь хийхэд нь гаргаад өгч чаддаггүй арчаагүй, найруулж байгаа хүнийг нь өрөнд оруулдаг” ярьжээ. Олон улсын залуу циркчдийн фестиваль Монголд анх удаа зохион байгуулагдсан. Манай улсад циркийн урлаг үүсэн хөгжсөний 75 жилийн хүрээнд болсон энэ тоглолтыг уг БСШУЯ дэмжээд 57 сая төгрөг гаргаж өгнө хэмээн албан ёсоор амлажээ. Гэтэл өнөөх мөнгө нь гарахгүй байсанд зохион байгуулагчид нь бүх ажлаа бартер, зээлээр арай гэж нэг юм хийгээд дуусгасан ч хоног тоолон хүлээж байсан 57 сая төгрөгөө яам эргүүлээд татчихсан гэнэ. Зохион байгуулагчид нь бас л өрөнд ороод дууссан. Дэлхийн Экспо яармагт улсаа сурталчилах урлагийн багийг бэлдсэн нэр бүхий найруулагч бас л зовлонгоо ярьжээ. Энэ арга хэмжээнд оролцох урлагийн багийг 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр Засгийн газраас баталдаг агаад энэ тоондоо багтаан тоглолт, үзүүлбэрээ бэлддэг гэнэ. Гэтэл яг явах дээрээ тулахаар талийг нь хасаад хаячихдаг нь бүр гэм биш зан болжээ. Энэ мэтээр урлагийнхан 2005 онд Японы Ногоаяа, 2007 оны Испанийн Зарагоза, 2010 оны Шанхай , 2012 оны дэлхийн экспод бүгдэд нь 25-хан уран бүтээлчтэй явжээ. Хасагдсан урлагийхны тоон дээр баахан дарга нар орж ирдэг агаад Монголын павилонуудаар гурван өдөр хөлхсөн болж, шар айраг ууж эхнэр хүүхэддээ юм худалдаж аваад л буцдаг. Ийнхүү Монголоо дэлхийд сурталчилах бодлого арга хэмжээ нь үндэсний хувцастай нэг хүүхэлдэй, уртын дуутай хоёр СД-ны хэмжээнд л явагдсаар иржээ.
НУУЦ.мн