Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн “Эм Жи Эл Эс Би” компанийг үүсгэн байгуулагч М.Сүхбаатар гэж хэн бэ ?
Нийтэлсэн: 2015-10-27 07:32:45
Тэрээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн найз гэнэ. Харин ахлах зөвлөх тухайн үед хугацаа давчуу бас нйдвартай компани олдохгүй байсанд найз М.Сүхбаатарын үүсгэн байгуулсан “Эм Жи Эл Эс Би”-ыг төсөл хэрэгжүүлэгчээр ажиллуулахаар шийджээ. Ахлах зөвлөх “…манай найз Сүхбаатар манай компаниар хийлгэчих, харин чиний туслах Эрдэнэбулганыг авна гэсэн“ хэмээн мэдүүлсэн бол найз нь “…Нүүрс хөтөлбөрийн хүрээнд ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалт гэж зүйл болоогүй бөгөөд 2012 оны намар орон нутгийн сонгууль болох гэж байхад би Л.Гансүхтэй уулзах явцад “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй явуулах итгэлтэй компани хэрэгтэй байна” гэж өөрөө асуусан гэжээ. Ингээд хоёр найз ярилцаад “Эм Жи Эл Эс Би“-ийг төсөл хэрэгжүүлэгчээр харин ахлах зөвлөхийн туслах Эрдэнэбулганыг захирлаар тавихаар тохирчээ. Тохирсоны дагуу М.Сүхбаатар нь туслахад компаний удирдах эрх мэдлийг бүрэн шилжүүлж өгчээ. Үүсгэн байгуулагч М.Сүхбаатар нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас авсан 1.5 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд л гарын үсэг зурсанаас өөрөөр компаний ажилд оролцоогүй гэнэ. Компани “Нүүрс” хөтөлбөрийг 2012-2013 оны хооронд хэрэгжүүлэн эхэндээ ашигтай ажиллажээ. Гэтэл дараа нь захирал Эрдэнэбулган ирж уулзаад л компани нь нилээн их өртэй болчихлоо өмнө нь авсан 1.5 тэрбум төгрөгийнхөө зээлийг бүрэн төлж чадаагүй, мөн дээр нь ахиад өр зээлтэй болчихлоо гэж хэлэхэд нь М.сүхбаатар уурлаад тэр дороо шууд Л.Гансүхтэй очиж уулзсан гэнэ. Энэ удаагийн уулзалт маш ширүүн болж холёр найз хэрэлджээ. М.Сүхбаатар нь “та нар энэ компаниа шилжүүлж ав та нарын өмнөөс би ингэж өр зээлэнд ормооргүй байна би одоо нэр төрөө цэвэрлэж авна, энэ компаниа шилжүүлж ав” гэсэн хатуу шаардлага тавьжээ. Л.Гансүх нь найзаа аргадан “…төлөвлөж байснаас арай өөр болчихлоо” гэж хэлж байжээ. 2013 оны 6-р сард захирал Эрдэнэбулган нь ажлаа хаян гадагшаа сургуульд яваад өгсөнд М.Сүхбаатар сандран “наад асуудал чинь эвгүй болчихлоо ш дээ тэгээд одоо компанийнхаа асуудлыг Н.Даваахүүдээ шилжүүлж өг” гэжээ. Яг энэ асуудлаар Л.Гансүх, Н.Даваахүү нар уулзжээ. М.Сүхбаатар нь компанийнхаа өр ширийг цэгцэлж авъя гэж бодоод шууд Н.Даваахүүгийн нэр дээр шилжүүлэх саналаа ахиад тавьжээ. Түүний хувьд гол нь асар их өртэй болсон компаниас нэрээ салгаж авахыг л бодсон гэнэ. Гэтэл Н.Даваахүү нь өртэй гээд авсангүй. Тэгээд ерөнхий нягтлан Б.Мөнгөнтуяагийн аав Д.Батдоржид энэ компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад татан буулгах асуудлыг нь хөөцөлдөх хэрэгтэй байна гэсэн үүрэг өгчээ. Үүний дагуу тэрээр М.Сүхбаатарын хамтаар нотариат орж компани шилжүүлэх гэрээ байгуулж Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр нь очиж “Эм Жи Эл Эс Би“ компанийг өөрийн нэр дээр шилжүүлж авчээ. Үүний дараа компанийг татан буулгахад шаардлагатай баримт бичиг, татварын тайлан зэргийг нь хөөцөлдөж байтал “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг дэгдсэн гэнэ. “Эм Жи Эл Эс Би“-ийг шилжүүлсний дараа Н.Даваахүү нь “Эм Жи Эл Эс Би Ди” гэдэг шинэ компани үүсгэн байгуулжээ. Компанийхан нь яагаад нэрээ өөрчлөөд Ди үсэг залгасан юм бэ гэж асуухад Мөнгөнтуяа нь Даваахүү захирал болоод Ди үсэг залгасан гэж тайлбарлажээ. Шинэ захирал шинэ компаниа маш ашигтай ажилласан гэжээ. Байгуулагдаад ердөө хагас жил ажиллахдаа улсын төсөвт 630 сая орчим төгрөгийг төвлөрүүлж, 1.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Өмнөх компанийн өглөг буюу 690 сая орчим төгрөгийг бүрэн төлжээ. “Эм Жи Эл Эс Би”-ээс хүлээн авсан 500 гаруй ажилчдаас нэгийг нь ч халаагүй гэнэ. Шүүх Н.Даваахүүг “Эм Жи Эл Эс Би Ди” компанийг үүсгэн байгуулж, ерөнхий нягтлан бодогчоор Б.Мөнгөнтуяаг томилон ажиллуулж урьдчилан үгсэн тохиролцож нийт 570 сая төгрөгөөр зардлаа өсгөн, нийт 174 сая төгрөгний буюу онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн, Б.Мөнгөнтуяаг нийтдээ 382.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэж ялласан.
NUUTS.mn
