Л.Гансүхийн “Нүүрс” хөтөлбөрд охиных нь найз залуу шуудай нийлүүлдэг байжээ
Нийтэлсэн: 2015-10-26 04:59:06
Дуулиан шуугиантайгаар анхан шатны шүүх хурал нь болсон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн хэрэгт хамаатан садан оролцсоноороо онцлог юм. Бүр ахлах зөвлөх асангийн охины найз залуу нь “Нүүрс” хөтөлбөрд хүртэл шуудай нийлүүлдэг байжээ. Гэрч Б.Санжаажав 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний хувьд УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн охин Г.Ц-тай 2005 оноос 2006 онуудад МУИС-ын Математик, компьютерийн сургуульд хамт суралцаж төгссөн. Тэр гадаад улсаас манай сургуульд шилжин суралцаж байсан юм. Г.Ц бид хоёр 2009 оныг хүртэл үерхэж, дотно харилцаатай байсан юм. Тухайн үед Г.Цэрэнжагзангийн аав Л.Гансүхийг сайд байхад нь Л.Эрдэнэбулган туслах нь байсан бөгөөд түүнтэй Г.Ц-гаар дамжуулж албан ёсоор танилцсан. 2012 оны 10 сард Л.Эрдэнэбулган надтай утсаар холбогдож уулзах санал тавьсан юм. Үүний дагуу түүнтэй уулзахад Монгол улсад “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа “Эм Жи Эл Эс Би” компаний захирал нь би байгаа юм. Манай компанид нүүрс хийх шуудайг нийлүүлэх компани хэрэгтэй байна. Чи өөрийн компаниудаараа дамжуулж, шуудай нийлүүлээч гэсэн санал тавьсан. Хамгийн гол шаардлага нь шуудайг таслахгүйгээр найдвартай нийлүүлэх ёстой гэж байсан. Тэгээд намайг шуудайгаа судлаад үнийн саналаа өгөөч гэсэн. Ингээд би БНХАУ-ын “Эрээн” хотод бараа, худалдан борлуулдаг дэлгүүрүүдээр дамжуулж, шуудайны үйлдвэрүүдээс захиалгаар нэг бүрийг нь 0.6 Мо буюу 135-145 төгрөгөөр худалдан авч, “Эм Жи Эл Эс Би” -нд нэг бүрийг нь 200 төгрөгөөр нийлүүлэх санал гаргахад Л.Эрдэнэбулган зөвшөөрч, гэрээ байгуулсан...” гэж мэдүүлжээ
NUUTS.mn
