Уяач М.Цэрэндамба, О.Батбилэг нар ММСУХ-той заргалдаад дийлсэнгүй
Нийтэлсэн: 2015-10-23 01:52:13
Манай үндэсний гэх спортын төрлүүд бөөн бульхай луйвар дүүрч сүүлдээ хэн түрүүлсэн, үзүүрлэсэн, айрагдсаныг нь шүүх шийддэг болсон. Хурдан морины уралдаанд бөхөөс дутахгүй будлиан бульхай гардаг. Сүүлдээ уяачид нь холбоотойгоо шүүхдэлцдэг болжээ. Уяач М.Цэрэндамба, О.Батбилэг нь “Дүнжингарав 2015” Төвийн бүсийн уралдааны соёолон насны уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг хассан Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн 2015 оны 3-р сарын 13-ны өдрийн 15/09 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Засгийн газар тогтоол гаргаж “Дүнжингарав 2015” Төвийн бүсийн хаврын уралдааныг 2015 оны 2-р сарын 22-ны өдөр Хүй долоон худгийн Цагаанд хөтөлд зохион байгуулах үүргийг Монголын Морин спорт уяачдын холбоонд даалгасан. Гэтэл холбоо уг уралдааныг хэл амгүй зохион байгуулж чадсангүй. ММСУХ-ны дүрэм, Хурдан морины уралдааныг зохион байгуулах журмын дагуу уралдааныг зохион байгуулах комиссыг томилж тус комисс нь уралдах морьдыг барианы зурхайгаас үүлдэрлэг байдал бусад хэв шинж, нас хүйсээр нь шалгаж уралдааны зурхай руу илгээхээр зохион байгуулсан гэнэ. Хурдан морины соёолон насны уралдаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Уяач М.Цэрэндамбын сартай хээр соёолон 5-д, Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн О.Батбилэгийн соёолон 3-т хурдлан ирснийг уралдааны комисс шалгаж тогтоож байр эзлүүлсэн. Гэтэл сар гаруйн дараа холбооны тэргүүлэгчид гэх хэдэн хүн хуралдаад Дүнжингарав хаврын бүсийн соёолон насны хурдан морьдын уралдаанд айрагдсан морьдыг хасах тухай хууль бус шийдвэр гаргажээ. Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас уяач Батбилэг, Цэрэндамба нарын зохих дүрэм журманд заасны дагуу уралдуулж байр эзэлсэн морьдоо хасуулсан. Гэтэл холбооны дүрэм ёсоор Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг хасах тухай шийдвэр гаргах эрх олгогдоогүй гэнэ. “Дүнжингарав” уралдааны журсандаа хүртэл холбооны Тэргүүлэгчдээс уралдааныг зохион байгуулах комиссыг томилох л эрх өгсөн. Харин комисс нь уралдах морьдыг үүлдэрлэг байдлыг тогтоож хэрэв үүлдэрлэг байдал болон бусад шалгуураар тэнцэхгүй бол хасах шийдвэр гаргах эрхтэй байхаар заажээ. Харин ММСУХ-ныхон Засгийн газраас үүрэг аваад уг уралдааныг зохион байгуулахаар комисс байгуулжээ. Уралдааны дараа соёлон насны 6-10 дугаар байранд орсон морьдын эздээс Батбилэг, Цэрэндамба хоёрын морьд эрлийз байсан, бидний бүтэн жилийн хөдөлмөрийг талаар болголоо гэж гомдол олонтоо ирсэн гэнэ. Энэ гомдлын дагаа холбоо хуралдаад азарга, соёолон насанд айрагдсан 10, 10 адууг дахиж авч хэлэлцжээ. Тэргүүлэгчдийн олонхийн саналаар Батбилэг, Цэрэндамба хоёрын үрээг хасах нь зүйтэй гэж үзжээ. Ер нь тэргүүлэгчид өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбооны ямар ч асуудлыг татан авч хэлэлцэх эрхтэй гэснийг шүүх хүлээн авчээ.
NUUTS.mn