Оросд гарсан аллага Монголд сургамж болох нь…
Нийтэлсэн: 2015-10-21 12:19:38
Саяхан Москвагийн ойролцоохь Красногорск хотод ноцтой цуврал аллага гарсан. Орон сууцны барилга барьдаг компанитай хотын томоохон бизнесмэн Амиран Георгадзе хотын захирагчийн орлогч Юрий Карауловыг манайхаар бол орон нутгийн өмчит “Красногорское предприятие электрических сетей” компаний захирал Георгия Котляренкогийн хамт нутгийн захиргааны ордонд буудаж хөнөөсөн. Бизнесмэн гарахдаа замдаа таарсан хамгаалалтын албаны хоёр ч ажилтанг буудаж алаад зугтжээ. Аллагын гол шалтгааныг хотын захирагчийн орлогч бизнесмэнийг энэ удаагийн тендерээс хасаж байгаагаа мэдэгдсэнээс болсон гэж таамаглаж байна. Алуурчин бизнесмэн олон жил хотын ажлыг авч улмаар удирлагатай нь нягт зузаан холбоотой болсон байж. Ийнхүү ирэх жил ажил өгөхгүй гэснээс уурссан уулын эр буу гарган хотын орлогчийг өөрийнх нь тендерийг авсан компаний захиралтай хамт газар дээр нь нам бууджээ. Гэхдээ хэргийн гол шалтгаан шал өөр зүйлд байгаа хэмээн Оросын сөрөг хүчин шүүмжилж байна. Красногорск хотыг дарга Расказов нь орлогч Карауловын хамт 19 жил завсаргүй удирдаж байгаа гэнэ. Энэ олон жилийн турш нэг хүний багийн хязгааргүй ноёрхол хяналт тус хотод тогтжээ. Хэнийг ажилтай байлгах хэнийг ажилгүй суулгах нь цөөн хэдхэн дарга нарын шийдвэрээс хамаардаг болсоор удсан гэнэ. Суудлаасаа ховхордоггүй даргын ивээлд орсон бизнесмэн л ажиллаж болдог бусад нь хөдлөх ч эрхгүй байдаг. Монголд ч гэсэн ийм байдал тогтсон. Сонгуулийн хоёр дахь хугацаанд буюу 8-10 жил аймаг удирдсан Засаг ноёд зөндөө байна. Энэ хугацаанд тэд орон нутагтаа жинхэнэ “бага хаад” шиг ноёрхлоо тогтоосон. Хэрвээ дөрвөн жилдээ нэг удаа салхи оруулж байхгүй бол Оросынх шиг хэрэг гарахгүй гэсэн баталгаа алга.
NUUTS.mn
