“Юнико” 150 сая төгрөг өгөөд “Peacе” тауэрын барилгын маргааныг бүрмөсөн хаая гэжээ
Нийтэлсэн: 2015-10-19 02:36:22

Монголын Энх тайван найрамдлын байгууллага хэмээх социлаизмын үеэс том газартай их хөрөнгөтэй байгууллага байсан. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг, Энх тайван найрамдлын холбоо зэрэг хуучны байгуулагуудыг хэсэг бүлэг нөхөд ТББ болгох замаар хувьдаа авч өмч хөрөнгийг нь үрэн таран хийсэн тухай шуугиан үе үе дэгддэг. Хоёр жилийн өмнө Монголын Энхтайван, найрамдлын төлөө холбоо / МЭНТХ/-ны дэд ерөнхийлэгч Д.Цогзолмаа, МонголШведийн нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат нар “Энхтайван найрамдлын ордны барилгыг ерөнхийлөгч Д.Цахилгаан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт болон Удирдах зөвлөлийн зарим гишүүн хууль бусаар худалдсан” хэмээн мэдээлэл хийж байсан. Тухайн үед ордны өмнөх талбайд “Peace tower” нэртэй 17 давхар “Сандэй” группийн худалдаа, үйлчилгээний тансаг зэрэглэлийн цогцолбор баригдаж эхэлсэн. Д.Цогзолмаа нар “Билэгт нь бид газраа байраар наймаалцаж байна” гэж хэлсэн гэж ярьж байсан. Д.Билэгтийн элснээр “Сандэй”-д газраа өгснийхөө хариуд 1-5 давхрыг нь эзэмших ёстой байж. Түүгээр ч зогсохгүй Удирдах зөвлөлийнхөн энэ барилгыг Энхтайван найрамдлын ордны өргөтгөл, хуучин барилгатай хүзүүвчээр холбоно. Ингэснээр гишүүн байгууллагууд тус бүр өрөөтэй болно хэмээн ярьж байсан гэнэ. Сүүлдээ ердөө нэгхэн давхар нь Энхтайван найрамдлын холбооны мэдэлд өгөхөөр тохирсон болж таарсан. Ингээд Д.Цахилгаан, Д.Билэгт нарыг эрх мэдлээ хэтрүүлж байгууллагад хохирол учуруулж хөрөнгө завшин үрэгдүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгасан ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Дараа нь тэднийг ахин хуулийн байгууллагад өгч бүрэн эрх нь дууссан үедээ барилга худалдах шийдвэр гаргасаныг нь толгоолгох гэсэн боловч ахиад л ялагдсан. Тэгвэл холбооны ерөнхийлөгчөөр экс гишүүн экс гишүүн Д.Загджав ирсэний дараа байрны маргаан ахин дэгджээ. Одоогоор “Peacе” тауэрын эхний гурван давхарыг “Юнико” эзэмшиж байгаа нь Д.Цахилгааны үеэс энэ маапаанд нэр нь холбогдож ирсэн компани юм. Д.загджав тэднийг “нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харшилсан хэлцэл” хийсэн хэмээн буруутгажээ. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харшилсан хэлцэл гэдэг нь “Юнико” нь хэт хямдхан худалдан авсан явдлыг хэлсэн. Д.Цахилгаан нарыг хуулийн байгууллагаар шалгагдах үед Хөрөнгийн үнэлгээний төв үнэлгээ хийгээд 1.2 тэрбумээр үнэлжээ. Гэсэн ч холбооны 2005 оны тайлан балансад 250 сая төгрөгөөр тусгагдсан гээд ердөө нэг тэрбумээр “Юнико” худалдан авч үүнээс 850 саяыг нь төлсөн гэнэ. Тэгвэл Д.Загджав нь “Б энд С аудит” компаниар ахин үнэлгээ хийлгээд газрын хамт 3.8 тэрбумын үнэлгээтэй болгож чаджээ. Бараг дөрвөн тэрбумын үнэтэй гурван давхарыг ганцхан тэрбумээр авсан “Юнико” нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг харшилсан хэлцэл хийсэн болж таарчээ. Байдал эвгүйдсэн тул компанийхан шинээр хийлгэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Мөн үлдэгдэл 150 сая төгрөгөө аваад энэ асуудлыг бүрмөсөн хаая гэсэн ч Д.Загджав нар зөвшөөрсөнгүй. Хэрвээ үлдэгдэл мөнгөө авчихвал наймаа “вандан тас” гэгч болох аж. Өдгөө Эх тайван найрамдлын төлөө Монголын холбоо нь “Peacе” тауэрын долоон давхарыг л эзэмшдэг гэнэ.
НУУЦ.мн
