Булганы залуус Хийморийн овоон дээрээ хүчин хийж нутгийн бүсгүйгээ осгоожээ
Нийтэлсэн: 2015-10-13 01:12:35
17-27 насны Н.Л, О.М, Э.О болон Э.Т нар нь 2014 оны 12-р сарын 26-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хийморийн овоон дээр Б.О гэгч бүсгүйг согтоож унагаад бүлэглэн хүчиндсэнээс хохирогч осгож амиа алдсан хэргийг саяхан шүүжээ. Н.Л, О.М, Э.О нар нь Баян-Агт сумынх бол 17 настай Э.Т нь нутгийн хүүхэд байжээ. Тэд хөхөө өвлийн хөр хүйтэнд нутгийхны шүтэж биширдэг овоон дээр бүсгүйг нүцгэлээд доор нь ердөө гадуур хувцсыг нь дэвсээд цувран хүчирхийлсэнд согтсон хохирогч удаан хугацаагаар даарж бээрснээс болж амиа алджээ. Бусармаг этгээдүүд бүсгүйг амьсгал хураасныг мэдмэгц нүцгэн шахуу чигээр нь сумын төвөөс 22 км-ын зайд бургасанд аваачиж хаясан гэнэ. Хэргийн санаачлагч нь 27 настай Лхагвасүрэн байжээ. Тэрээр шинэ жилийн баяр тэмдэглэе, манай найз хүүхний найз эмэгтэй нь сумын төвд байгаа дуудая гэжээ. Залуус архи пиво аваад хохирогчийг дагуулан сумынхаа Хийморийн овоон дээр гарчээ. Тэнд бүсгүйг согтоож аваад хувцсыг нь тайлаад доогуур нь гадуурхи куртикыг нь дэвсээд цувран хүчирхийлжээ. Отгонбаатар нь би гадаа хүйтэнд бэлгийн ажил хийвэл өвчин авдаг гэж сонссон тул хохирогчийг хүчирхийлээгүй, би чадахгүй нь гэхэд тэд сулралтай юм байна хэмээн шоолж инээж байсан гэж мэдүүлжээ. 17 настай Э.Т-г нутгийн ах Лхагвасүрэн нь хохирогчтой бэлгийн харьцаанд ор гэж айлгаж дарамталсан тул айхдаа унтсан дүр л үзүүлсэн гэнэ. Өвлийн хүйтэнд овоон дээр дотуур хувцастайгаа ухаангүй шахам байсан хохирогч бээрч осгож эхлэхийг согтуу залуус мэдээгүй аж. Хувцсаа арайхийн өмсөөд босох гээд унажээ. Ингээд залуус ухаан алдсан эмэгтэйг дундаа хийн мотоциклоор сумын төв рүү орж. Замдаа эрэг рүү алдаж унагаан хүнд бэртээжээ. Тэд Эрдэнэхүү гэдэг ахынхаа эзгүй байшинд аваачин гал түлж хохирогчийг дулаацуулах гэхэд аль хэдийн амьсгал хураасан байжээ. Гэрийн эзэн залуусд ямар ч байсан манай байшингаас ав гэж хэлчихээд өөрөө цагдаа дуудахаар явж. Цагдаа дуудаад иртэл байшинд хохирогчийн цогцос байсангүй, залуус мотоцикльдоо тэгнэн голын бургасанд аваачаад хаячихсан байсан гэнэ. Ийм аймшигт хэрэг гарсан нь сумын төвийнхнийг цочоожээ. Он гараад цагаан сар болоход нутгийнхан нь Хийморийн овоондоо гараагүй гэнэ. 27 настай залуухан эмэгтэй зэрлэг харгисаар хүчирхийлүүлж амиа алдсан хэрэг гарсан байхад Булган аймгийн эмэгтэйчүүдийн гэх байгууллагууд дуугарсангүй. Шүүх Лхагвасүрэн нарын 3 залууд 9-10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй шоронд эдлүүлэх ял оноожээ. Харин дарамтлуулж байж бэлгийн харьцаанд орсон гэх 17 настай БХИС-ын оюутныг гурван жилийн хорих ялаар шийтгээд ял эдлүүлэхийг нь нэг жилээр хойшлуулжээ.
НУУЦ.мн
