Г.Батбаяр:Цэвэрлэх байгууламжийн агаарт тархаж байгаа хорт нянгууд хүний биед сөргөөр нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт бичгээр гараагүй
22-ын товчооны Авто цогцолбор нээлтээ хийх сургаар олон дуулиант үйл явдал болж өнгөрлөө. Ямартаа ч өнгөрсөн бямба гаригт сүр дуулиантай зарласан нээлтэнд авто бизнес эрхлэгчид ирсэнгүй. Харин авто худалдаа эрхлэгчид шинэ цогцолбор руу нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Авто худалдаа эрхлэгчдийн өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.
-“Авто цогцолбор” руу нүүхгүй гэж эсэргүүцсэн автобизнес эрхлэгчдийг та өмгөөлж байна. Өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?
-Үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн бизнес эрхлэгчдийг зах зээл хямарсан үед хааж, боон, шинэ обьект руу албан шахалтаар хөөх нь худалдаа эрхлэгчдийг санхүүгийн хүндрэлтэй байдалд оруулах, эрх ашгийг нь хохироох нөхцөл байдал үүсгээд байна. Энэ эрхээ хамгаалах хүрээнд худалдаа эрхлэгчид маань тэмцэж эхэллээ. “Авто цогцолбор”-ын хамгийн анхны 30 га газрын зөвшөөрлийг яаж авсан юм. Газрын тухай хуулийн 31.2-т заагдсан эрхийн хүрээнд дуудлага худалдаа, сонгон шалгаруулах журмаар авагдсан юм уу, эсвэл үгүй юм уу. Үндсэндээ энэ нь хуулийн дагуу олгогдсон газар биш шүү дээ. Тухайн аж ахуйн нэгжид энэ газар олгогдсон болохоор заавал дуудлага худалдаа, сонгон шалгаруулах журмаар олгогдох ёстой. Гэтэл энэ зарчим алдагдсан байна. Хэний хүсэлтээр, яаж тухайн ногоон бүсээс чөлөөлж энэ газрыг авсан юм. Цэвэрлэх байгууламжин дор байгаа агаарын бохирдлыг арилгах арга хэмжээг ямар замаар яаж авах юм, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэх ямар баталгаа байгаа юм. Тухайн газрыг 6000 машины зогсоол гээд байгаа. 6000 машины зогсоолыг дөрвөн саяар үржүүлэхэд 24 тэрбум төгрөгийн эргэлт бий болж байна. Энэ 24 тэрбум төгрөгөөр юу хийх гэж байгаа юм. Нийслэлийн санхүүжилтээс авсан 100 тэрбум төгрөг хаана байгаа юм. Энэ тухай нарийвчилсан төсөв алга. ТЭЗҮ байхгүй. Эрх бүхий байгууллагаар батлагдсан ТЭЗҮ алга. Орчны бохирдол ихсэж, Туул гол ширгэх дээрээ тулвал хэн хариуцах юм. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж байх ёстой. Энэ үнэлгээ алга. Иргэдийн хурлын хэдэн нөхөд суучихаад энэ асуудлыг шууд шийдээд л, мөнгө олох арга хэрэгсэл болгосон гэж үзэж байгаа. Бусдын эрх ашгийг хохироосон учир үүний төлөө тууштай тэмцэж эхэллээ.
-Олон мянган хүн бизнес эрхлэх обьект гэдэг утгаараа төрийн олон агентлагаас энд гаргасан албан ёсны дүгнэлт байна уу. Авто цогцолбор үйл ажиллагаа явуулахад нэн тохиромжтой газар гэсэн дүгнэлт хаана байна вэ?
-БОАЖНХЯ, ЭМЯ гээд холбогдох эрх бүхий байгууллагуудад бид хүсэлтээ гаргана. Мөн Үндсэн хуулийн 16.16-д тусгагдсан Жагсаал цуглаан хийх эрхийнхээ дагуу СБД-ын Засаг даргын тамгын газарт хүсэлт гаргаад, жагсаал цуглааныг тайван замаар хуульд заасан эрхийнхээ дагуу хийнэ гэдэг хүсэлтээ гаргаж байгаа юм. Сайн дурын үндсэн дээр, заавал албадан биелүүлэх шинжгүйгээр, бизнесийн тэгш эрхийг хангах зарчмаар хэрэгжвэл болж байна. Бид та нарыг албадахгүй гэдэг шийдвэрийг бичгээр гаргуулж авах нь чухал.
-800 хүн түрээсээ өгчихсөн гээд байгаа. Гэтэл тэр хүмүүс Авто цогцолборын нээлтэнд ирсэнгүй шүү дээ?
-800 хүний түрээс гэдэг бол 3 тэрбум 200 сая төгрөг. Энэ мөнгөн дүнд дүйцсэн ажил хийсэн нь харагдахгүй байна. Нийслэлийн төсвөөс гаргасан тэр их мөнгө хаашаа зарцуулагдсан юм бэ. Энэ нь тодорхой биш учраас хүмүүст хардлага, сэрдлэгэ төрүүлээд байгаа юм. Шударгаар бүтээн байгуулагдсан гэх нөхцөлгүй ийм худалдааны төв рүү хүмүүсийг хөөгөөд байгаа юм биш үү гэсэн эргэлзээ төрөх нь зүйн хэрэг. Цэвэрлэх байгууламжийн агаарт тархаж буй хорт нянгууд хүний биед сөргөөр нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт бичгээр гарч ирээгүй. Эрүүл мэндийн байгууллага нь үүнээс болж өвчин гарвал манай байгууллага бүх нөхөн олговрыг олгоно гэдэг баталгаа гаргаад ирвэл хамаагүй. Ер нь бол 10 мянган хүнийг ажлыг байраар хангах ийм том бүтээн байгуулалт маргаан дагуулж байсан түүх байхгүй.
Их тэнгэрийн хас нийгэмлэгнийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Ууганцэцэг: Шинэ цогцолборын нээлтэнд очоод 20 минут болоход л бүх хувцас, үснээс өтгөн үнэртэж байна.Хамгийн гол нь шинэ цогцолборын тухайд бидний одоо зогсож байгаа газраас ялгарах зүйл алга. Хотын түгжрэлийг бүр ихэсгэнэ. 800 хүнээс төлбөрийн мөнгө авчихаад, өнөө хэдийнхээ шахалт дарамтанд оронгуутаа бусад худалдаачдыг хүсээр нүүлгэх арга сүвэгчилж байгаа юм. Энд мөнгө угаах, ашиглан шамшигдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл явагдаад байгаа юм биш үү гэсэн хар төрж эхэллээ. Бид Үндсэн хуулийн 16-д заасны дагуу ажлын байр, таатай эрүүл орчноор хангагдахыг хүсч байна. Төрийн байгууллагын зүгээс шахалт дарамт ирвэл бид байж болох бүх хэлбэрээр тэмцэх болно. Бид хүний эрхийн байгууллага, АТГ, ШӨХТГ гээд бүх газарт хандсан.
Авто худалдааны цогцолборын хаалгаар нь ороход 5000 төгрөг, машинаа хонуулахад 10.000 төгрөг, сар бүрийн хураамж 15.000 төгрөг, бүртгэлийн хураамж гэж мөнгө төлнө. Энэ бол хэсэг хүмүүсийн луйвар, лобби. Нэг сая төгрөгийн өртөгтэй босчихож байгаа зогсоолыг гурван сая төгрөг нэмж авахдаа гүүр барина гэж ард түмэнд худал хэлсэн. Ингэж хэлсэн бичлэг нь цацагдсан байгаа. Одоо тэр гүүр нь хаана байна? Би дөрвөн сая төгрөгөөр эрүүл мэндээ хохироож, нэгэнт тогтчихсон бизнесээ алдаж, 18 ам.метр бүхий газар худалдан авахыг хүсэхгүй байна.
Авто худалдааны цогцолбор руу бид хэзээ ч нүүхгүй. Тэнд хүний эрхийг маш ноцтой зөрчиж байна. 6000-8000 хүн, түүний ар гэрийг тооцвол 20.000 -30.000 хүн. Хэрвээ энэ зах нүүх юм бол БЗД-ийн дөрвөн хороо сүйрнэ, БГД-ийн хоёр хороо сүйрнэ. Үйлчлүүлэгчид ч тэр ганцхан боолт худалдан авахын тулд 70км замыг туулна. Өнөөдөр гаргаад үзүүлье гэхэд энэ хүмүүст цэвэр мэргэжлийн ТЭЗҮ, байгаль орчны дүгнэлт шинжилгээ огт байхгүй. Гурван жилийн турш хүмүүсээс авсан мөнгөөрөө юу хийснийг нь хар даа. Ердөө 20 га газар л аспальт хийжээ. Хэн ч тийшээ явахгүй. Харин ингэж үйлчлүүлэгчээсээ холдуулахын оронд яагаад дүүрэг бүрт нь цэвэр, тохилог, цомхон худалдааны цогцолбор бий болгож болохгүй гэж. Бид төрөөс юу ч гуйдаггүй. Нийгмийн даатгал байхгүй, эрүүл мэндийн даатгал байхгүй. Гэхдээ төсвийн 10-12 хувийг бүрдүүлж байгаа хүмүүсийн ажилгүйдлийг нэмнэ гэх юм бол энэ бол улсад ч, хувь хүмүүст ч маш том хохиролтой асуудал болно шүү дээ.