Ангарын барилгын дуулианд УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү холбогджээ-1
Нийтэлсэн: 2015-10-01 07:48:33
Өнгөрсөн онд манай бизнесийн дээд хүрээнд гарсан хамгийн том луйврын ажиллагаа бол Буянт-Ухаа дахь алдарт Ангарын барилгын шуугиан байсан. 1.4 сая доллар буюу 3.2 тэрбумээр үнэлэгдсэн энэ барилгатай “Моннис”-ын Б.Чулуунбаатар, “Эйр сервис нью” компаний захирал Д.Туул, “А жет лимитэд” болон нэгэн өдөр тутмын сонины нэр холбогдож байсан бол өдгөө УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэт”-ийн захирал асан Х.Наранхүү голлон тоглогчийн нэг байсан нь илэрчээ. Бүр нарийн ярьвал барилгын үндсэн хөрөнгө оруулагч байсан гэнэ. Ийнхүү энэ барилгад хоёр эзэн гараад иржээ. “Эйр сервис нью” компаний захирал Д.Туул нь өөрийн хөрөнгө болон зээлээр авсан нэг тэрбумаар энэ барилгыг босгосон гэдэг. Харин Ангарын барилгад “Аэромонгол”-ийг оруулах улмаар “А жет лимитэд” компанид зарах ажиллагааг Х.Наранхүү л хийгээд яваад байж. Мөн түүнээс хөрөнгө оруулаач хэмээн хэзээ ч хүсэлт тавьж байгаагүй гэнэ. Гайхалтай нь энэ хоёр ах дүү хамаатан садны холбоотой улс байж. 2001 онд Х.Наранхүүг “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байхад Туул ирж уулзжээ. “МИАТ” нь удахгүй нисэх онгоц авна, нисэхийн дүрэмд онгоцыг заавал тусгай байранд байрлуулдаг, харин МИАТ байр барих мөнгөгүй байгаа, хэрвээ бид Ангар барьчих юм бол байнгын орлоготой байх бололцоотой юм гэж танилцуулжээ. Нийт өртөг нь ойролцоогоор нэг сая доллароор босохоор байж. Х.Наранхүү судлаад үзтэл эрсдэл багатай, сайн төсөл шиг санагдаж. Ингээд шаардлагатай сая долларыг ирээдүйн УИХ-ын гишүүн гуай шийдэхээр болж эхний ээлжинд 300 мянгыг нь бэлнээр шууд гаргаж өгчээ. Үлдэгдэл 750 мянгыг нь дараа нь шийдэж өгч. Гэтэл барилгын ажил эхлээд хоёр жил өнгөрсөн ч дууссангүй. Ахин хоёр жилийг барьж байна гэж явсаар 2004 онтой золгожээ. Сүүлдээ нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай банйа гэхэд нь Х.Наранхүү албан тушаалаа ашиглан Туулд “Эрдэнэт”-ийн маш ашигтай хоёр гэрээг өгч ашгийг нь Ангарын барилга руу оруулж байжээ. Гэсэн ч 2005 онд барилгын ажил бүрэн зогсож. Дараа жилээс нь бүр холбоо ч барихаа ч больж. 2007 онд Х.Наранхүү нь Д.Туулыг дуудан чи ер нь энэ Ангарыг ашиглалтанд оруулж чадахгүй нь надад мөнгөний хэрэг гарлаа, өр нэхэгдэж эхэлсэн, бас би Эрдэнэтийн захирлын ажлаа өгөх юм шиг байна, иймд Ангарыг зарж хөрөнгө оруулсан мөнгөө гаргаж авъя гэхэд цаадах нь тун дурамжхан байж. Ингээд Х.Наранхүү ”А жет лиметид”-ийн Эрхэмбаяртай тохиролцон 1.5 сая доллароор зарахаар болжээ. 2007 ондоо багтаж 1,4 сая долларыг Эрхэмбаяраас бэлнээр авч зуун мянгыг нь Туулд өгөөрэй гэжээ. 600-700 мянгыг нь өрөндөө тараагаад үлдсэнийг нь 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа болон бусад зүйлд зарцуулаад дуусгажээ. Гэтэл 2010 онд “А Жет Лимитед"-ийн гүйцэтгэх захирал нь ярьж бид Ангарын барилгаа дуусгалаа, одоо Улсын комисст хүлээлгэн өгөх гэтэл Туул газрын зөвшөөрөл болон бусад бичиг баримтаа өгөхгүй байна гэж ховложээ. Х.Наранхүү гайхан Туултай уулзахад тэрээр таны Ангарыг зарах шийдвэр буруу байсан, би барилгаа бариад дуусгасан бол одоо ашгаа өгөх байсан гээд өөр зүйл яриад эхэлжээ. Ийнхүү хоёр хамаатан ойлголцсонгүй салж. Туул нь зохих бичиг баримтаа гаргаж өгөхгүй яваад байсанд “А жет лимитэд” уурсаж хоёр хамаатныг шүүхэд өгнө хэмээн Х.Наранхүүг бажгадуулжээ. Асуудал гацаанд орсонд худалдан авсан тал нь залхаж Ангарын барилгыг зарья, эсвэл Туулыг буцааж ав гэсэн шаардлага тавьж. Туулыг барилгаа буцаан авья гэхэд гишүүн хоёулаа мөнгөгүй байж яаж буцааж авах юм бэ гэж татгалзаж. Удалгүй “Монголиан эйр лайнс” 2,9 сая доллараар авахаар болсон тухай Туул дуулгаж. Х.Наранхүү илүү үнээр авах газар байж магадгүй гээд “Моннис” группийн ерөнхийлөгч Чулуунбаатар луу утсаар ярьж миний таньдаг хүмүүс Ангарын барилга зарах гэж байна, “Монголиан эйр лайнс”-д 2,9 сая доллараар зарахаар тохиролцсон байна, чи сонирхох уу гэхэд цаадах нь манайх намар нэмж онгоц авах гэж байгаа бэлэн дууссан юм бол илүү үнээр авна хэмээн томорчээ./үргэлжлэл бий/
НУУЦ.мн
