Д.Сумьяабазар “Бишрэлтийн” Б.Ундармааг хажиглажээ
Саяхан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “айрагтай” уулзалт хийсэн. Ай-фонтой уулзалт хийдэг Ардын намынхаа Н.Номтойбаярын дэргэд жолдсон ч мянган нэгжээр далладаг Д.Энх-Амгалангийн дэргэд арай л бийлэгжүү загнаж. Аварга гишүүн энэ удаад сурсан зангаараа бас л хоёр туулай буудсан. Намын үүрийн хэдэн гишүүдээ айраг цагаагаар дайлснаас гадна уулзалтанд ирсэн тойргийн иргэдийнхаа ходоодийг баярлуулжээ. Ирсэн хүн болгоныг дайлж цайлж суусан гишүүнд хүн бүр хүслэнт зочин нь байсан нь мэдээж. Гэхдээ урилгагүй зочин гэнэт хүрээд ирсэн гэнэ. Тэр нь зүгээр ч нэгэн байсангүй харин Ардын намын алдарт “Бишрэлтийн” Б.Ундармаа байжээ. Ирэх сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нь нэр дэвшихээр шийдсэн гэх тэрээр ийнхүү өөрийн санаагаа илэрхийлж тэр тусмаа даргынх нь арга хэмжээн дээр гэнэтийн зочин болон гарч ирсэнд Д.Сумъяабазарын цэргүүд янз муутайхан хандсан гэнэ. Улстөрчид хэзээнээс өөрийн арга хэмжээгээ бусадтай хуваалцах дургүй байдаг. Тэгээд ч хоёр суудалтай Сонгинохайрхан дүүрэгт тэрээр ИТХ-ын дарга Х.Нямбаатараа “чирэх” санаатай яваа. Харин “Бишрэлтийн” Б.Ундармаа нь хурган даргын хамаагүй жинтэй агаад хэрвээ санал авахдаа хүрвэл аварга гишүүний саналаас ч хороож мэдэх юм. Энэ нь өөрийн саналыг нь хороохгүй сул хүн дагуулах гэсэн далд тооцоонд нь харшилах нь мэдээж. “Бишрэлт”-ийн хатагтайн хувьд олон удаа нэр дэвших боломжоо алдсан. Өнгөрсөн сонгуулиар ихээхэн хөрөнгө хүч хаяан Дорнодод зүтгэсэн боловч Удирдах зөвлөлөөс нэр дэвших визээ авч чадаагүй. Харин энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт “яс” үзэх санаатай байгаа бололтой. Үүнийг нь энэ дүүргийн намын хорооноос дэмжлэг авахаар битүүхэн ажиллаж байгаагаас нь харж болно. “Бишрэлт” хатагтай “Ган хийц”-ийн М.Даваасүрэнтэй уулзаж өөрийг нь дэмжихийг хүссэн гэнэ. Харин цаадах нь өөрөө ч гэсэн өмнүүрээ олон удаа “дараалал” дайруулсан тул би ч гэсэн нэр дэвшинэ гэж зөрүүдлэжээ.
NUUTS.mn