“Альяанс минерал”-ын менежер, Хүдэр сумын Ойн ангийн экс дарга хоёр 1 сая төгрөгний хахуулийн хэрэгт холбогджээ
Нийтэлсэн: 2015-09-23 16:58:14
Урд хөрш рүү гаргадаг унацтай бизнесд тооцогдоод байгаа хушны самар нь араасаа байнга “чиргүүл” чирдэг болсон. Энэ хэрэгт холбогдоогүй төрийн байгууллага ч алга. Цагдаа, төмөр замынхан хушны самарын хэргээр дээлээ нөмөрч байсан. Оны эхэнд гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан бизнесмэн хөрөнгө оруулагч гэх хоёр хятад иргэн нь үнэндээ самарын наймаачид л байсан. Харин энэ удаад ойн ангийн дарга хушны самар бэлтгэдэг компаний менежер хоёр холбогджээ. Авсан өгсөн гэх хахууль нь өмнөх хэргүүдийн дэргэд инээд хүрэм бага агаад ердөө нэгхэн сая төгрөг гэнэ. “Альяанс минерал” компани нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутгаас хушны самар бэлтгэжээ. Бэлтгэсэн самараа уулнаас тээвэрлэж байж. Гэхдээ орон нутгаас зөвшөөрөл аваагүй үедээ самар бэлдээд эхэлчихсэн байсан агаад Ойн ангийн дарга араас нь зөвшөөрлийг нь “бүтээж” өгсөн гэнэ. Компаний менежер Д.Га нь Ойн ангийн дарга Г.Та-д нэг сая төгрөг атгуулжээ. Ойн ангийн дарга мөнгийг нь аваад хариуд нь Хүдэр сумын ИТХ-ийн 2014 оны 11-р сарын 26-ны өдрийн “2014 онд бэлтгэх самрын хэмжээг тогтоох тухай” 30-р тогтоолын сар өдрийг засварлаад менежерд өгсөн гэнэ. Харин нэг сая төгрөг өгсөн авсан нь сүүлдээ зээлсэн болоод явчихжээ. Мөн энэ хэргийг мөрдсөн АТГ нь сэжигтэн яллагдагч нарыг дарамтлах байдлаар мэдүүлэг авсан гэж өмгөөлөгчид нь гомдол гаргаж. Гэхдээ л Ойн ангийн экс дарга “Альяанс минерал” компаний менежерийн “гуйлтаар” ИТХ-ын тогтоолын 11-р сарын 26 гэснийг 10-р сарын 20-ны өдөр болгон зассанаа хүлээн зөвшөөрчихөж. Үүний дагуу компани нь бэлтгэсэн хушны самраа Дархан руу татаж байж. Ойн ангийн дарга нь хушны самар бэлтгэдэг компаний менежерээс нэг сая төгрөг хахуульд аваагүй харин зээлсэн гэдгээ батлах гэж эхнэрээ гэрчээр асуулгах хүсэлтийг АТГ-д гаргасан ч мөрдөн байцаагч нь татгалзжээ.
NUUTS.mn
