“Пи Ай Эм Эм” нь “Бодь интернэйшнл”-ийг татвараас зугтахын тулд 400 мянган долларын халхавчийн гэрээ хийсэн гэжээ-2
Нийтэлсэн: 2015-09-23 16:48:17
… Анхнаасаа татвараас зугтаалгаж байсан гэх тул татвар төлсөн гэх баримт байдаггүй гэнэ. “Инкон” компаний 51 хувиа ч нөгөө талдаа өгөөгүй аж. “Пи Ай Эм Эм” нь 620 мянган доллароор тохирсон гэдэг бол “Бодь интэрнэйшнл” үүнийг нь үгүйсгэсээр ирж. Харин ч тэдний баталж байгаагаар эхнээсээ “Ану сервис”-ын Б.Батхүү гэрээ хийхэд ажилласан бол “Пи Ай Эм Эм”-ийнхэн гэрээнд гарын үсэг зурах үед л гарч иржээ. Ийм болохоор гэрээний нарийн ширийнийг мэдэхгүй гэнэ. Хоёр тусдаа гэрээ хийх саналыг хувьцаа худалдан авагч тал гаргасан болж таарчээ. “Инкон” компаний үлдэх 49 хувийг бас гартаа оруулахаар санаархаж байсан “Пи Ай Эм Эм” нь оросуудаас хувьцааг нь хямдхан салгахын тулд “Бодь интэрнэйшнл”-ээс бага үнээр худалдан авсан гэж харагдуулах зорилгоор багасгасан үнийн дүнтэйгээр халхавчийн гэрээ хийсэн гэнэ. Гэтэл оросууд тэр залинд нь хууртагдсангүй. 2009 оны хавар “Инкон” компаний ТУЗ хуралдаж 100 хувийн хувьцаагаа 2 сая доллароор үнэлж. Үүнээс 51 хувийн хувьцаа нь 1.020.000 доллар болж. Энэ тооцоогоор үзэхэд “Бодь интэрнэйшнл” нь сая гарсан үнэтэй хувьцаагаа 620 мянган доллароор худалдах тэнэг хүмүүс гэдэг ойлгомжтой болж харагджээ. Тэд “Пи Ай Эм Эм”-тэй анхнаасаа л ТУЗ-ийнхээ баталсан үнээр тохирсон агаад харин ч худалдан авагч тал мөнгөө дутуу төлсөн гэнэ. Бүр үлдэгдэл 300 мянган доллароо төлөөгүй тул 2008 оны 5-р сарын 9-ны өдөо төлж дуусгах, хугацаа хэтрүүлбэл хоногийн 0.1 хуввийн алданги төлөхийг нөгөө талдаа анхааруулж. Гэсэн ч цаадуул нь хувьцааны төлбөрийн үлдэгдэлээ төлж барагдуулсангүй. Ингээд “Бодь интэрнэйшнл” нь хувьцаа худалдах гэрээг цуцлагдсан гэж тооцож. Гэхдээ “Пи Ай Эм Эм”-д 720 мянган долларыг нь буцааж өгөөгүй явсаар байжээ. Энэ зуур эдийн засаг унасан тул “Инкон” компаний хувьцаа худалдан авах асуудлыг төлбөрийн хамтаар түр “орхисон” байж. 2011 оноос эдийн засаг сэргээд барилгын салбар хөл дээрээ босоод ирэхэд “Пи Ай Эм Эм” нь хуучин гэрээний хэргээ сөхжээ. Тэд өмнө нь төлсөн 720 мянган доллар дээрээ арматурын үнэ болох 38 мянган долларыг нэмээд энэ төлбөрдөө таарах хувийг нэхжээ. Тооцоо хийж үзэхэд тэр мөнгөнд нь “Инкон”-ы 34.5 хувийн хувьцаа оногдож. Энэ хувьцаагаа эзэмшээд өөрсдийн төлөөллөө ТУЗ-д оруулна гэснийг нь хүлээн зөвшөөрч Б.Батхүүг гишүүн болгожээ. Гэсэн ч энэ ажиллагаа бүтсэнгүй. ТУЗ-ийн шинэхэн гишүүн нь компаний хэд хэдэн төслийг унагаснаас гадна 49 хувийг эзэмшдэг орос хувьцаа эзэмшигчидтэй таарахаа байж. Ингээд “Пи Ай Эм Эм”-гийн төлөөллийг ТУЗ-ээс хасаад нөгөө 34.5 хувийг нь буцаан авсанд ахин мөнгө ч үгүй хувь ч үгүй хоцорчээ. Сүүлдээ хоёр тал муудалцан эцэст нь хоюулаа “заваарахдаа” тулж. Аль алинд нь ижил хөзөр байсан нь халхавчийн гэрээ гэх хувилбар л үлдэж. “Пи Ай Эм Эм” нь өдгөө тэр гэрээг барин “Бодь интэрнэйшнл”-ийг татвараас зугтаасан гэж буруутгаж байгаа бол цаадуул нь орос хувьцаа зээмшигчдийг хуурах л гэж ийм гэрээ хийлгэсэн хэмээн няцааж байна.
