“Пи Ай Эм Эм” нь “Бодь интернэйшнл”-ийг татвараас зугтахын тулд 400 мянган долларын халхавчийн гэрээ хийсэн гэжээ-1
Нийтэлсэн: 2015-09-23 00:51:18
Үүсгэн байгуулагч нарын ширүүн тэмцлээс хойш олны анхааралд өртөөгүй байсан “Бодь интернэйшнл” компанитай холбоотой хэрэг ахин манджээ. Энэ удаад тэднийг сөргөлдөгч нар нь нэлээд ноцтой хэрэг болох татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж байна. “Пи Ай Эм Эм” гэдэг компани нь 2008 оны 3-р сарын 21-ний өдөр “Бодь интернэйшнл”-тэй байгуулсан “хувьцаа худадах, худалдан авах” 400 мянган долларын гэрээ нь татвараас зайлсхийх зорилготой байсан хэмээн энэ олон жилийн дараа гэнэт сөхөн гаргаж иржээ. Энэ гэрээ цаана нь байгаа 620 мянган долларын илүү тoм дүнтэй гэрээг л татвараас халхавчилсан болж таарчээ. Гэрээгэээр “Бодь интернэйшнл”-ийн эзэмшилд байсан “Инкон” хэмээн орос компаний 51 хувийг “Пи Ай Эм Эм” нь өөртөө шилжүүлэн авах учиртай байж. Гэтэл одоо болтол хувийг нь ч өгдөггүй, мөнгийг нь өгдөггүй гэнэ. Тэртээ 2008 оны үеийн гэрээг өдгөө гэнэт сөхөх болсон гайхалтай. “Инкон”-ы 51 хувийг авах гэрээнд манай банк санхүү,бизнесийн томчууд холбогджээ. “Бодь интернэйшнл”-ийн тухайн үеийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, дэд захирал Б.Моломжамц, “Пи Ай Эм Эм” компаний хувьцаа эзэмшигч Б.Мэдрээ, гүйцэтгэх захирал П.Мэндсайхан, “Ану сервис”-ын захирал Б.Батхүү нар гар бие оролцжээ. Мөн гэрээний 400 мянган долларыг хувийн дансандаа хийлгэсэн Б.Энхтөр гэгч эрхэм ч гараад ирж. Тухайн үед “Инкон”-ы 51 хувийг “Бодь интернэйшнл”, 49 хувийг нь В.А.Будянский, И.В.Сафаров нарын орос иргэд эзэмшдэг байжээ. Энэ компани нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингээд ашигтай салбарт ажилладаг том компаний хувьцааны 51 хувийг худадан авахаар Б.Мэдрээ, П.Мэндсайхан нар хөдөлжээ. “Бодь интернэйшнл”-ээс энэ гэрээг дэд захирал Б.Моломжамц нь гардан хариуцаж. Харин цаад талаас нь “Пи Ай Эм Эм”-гийн төлөөлөл бус харин “Ану сервис”-ийн Б.Батхүү голлон ажилласан гэнэ. Худалдан авагч талын маргаж байгаагаар “Инкон” компаний 51 хувь буюу нэг бүр 1 төгрөгөөр үнэлэгдсэн 367 мянган ширхэг хувьцааг 620 мянган доллароор худалдан авахаар тохиролцож “хувьцаа худалдан авах гэрээ” байгуулжээ. Гэрээ байгуулсан өдөр дахин нэг гэрээ хийгдсэн нь мөн л хувьцаа худалдан авах 400 мянган долларынх нь байжээ. Хувьцаа худалдан авсаны орлогоосоо төлөх татварын хувь хэмжээг бууруулах зорилгоор бага дүнтэй гэрээ байгуулах саналыг “Бодь интрернэйшнл”-ийн төлөөлөл Б.Моломжамц гаргасан гэнэ. Энэ нь 620 мянган долларын жинхэнэ гэрээг татвараас халхавчилах л зорилготой байсан хэмээн “Пи Ай Эм Эм” нь өдгөө зүтгэж байна. Хоёр гэрээг хоюуланг нь нотариатаар гэрчлүүлэн батлуулж. Түүнээс гадна бас л татвараас зайлсхийх зорилгоор бас л Б.Моломжамцын хүсэлтийн дагуу хувьцааны төлбөрийг хувь хүний дансанд шилжүүлж бас бэлнээр гаргаж өгчээ. Ингээд гэрээ байгуулахын өмнөх өдөр буюу 2008 оны 3-р сарын 19-ний өдөр 100 мянган долларыг “Бодь интернэйшнл”-д шилжүүлж. Гэрээ хийсэн даруйдаа иргэн Б.Энхтөрийн хувийн дансанд 400 мянгыг шилжүүлээд дэд захирал Б.Моломжамцад бэлнээр 220 мянган доллар гаргаж өгчээ. Нийтдээ 720 мянган доллар төлсөн нь гэрээнд зааснаас 100 мянгаар илүү гарчээ. Энэхүү илүү төлсөн мөнгө нь гэрээний баталгаа байсан хэмээн “Пи Ай Эм Эм”-ийнхэн өдгөө нотолж байна. Ийнхүү 2008 онд өдгөө нийгмийн хариуцлагаа ухамсарлагч гэгддэг “Бодь интернэйшнл”, “Пи Ай Эм Эм” компани болон олон нийтийн хүндлэлийг хүлээсэн банк санхүү, бизнесийн том төлөөлөл болох Д.Баясгалан, Б.Мэдрээ нарын оролцоотойгоор татвараас зайлсхийх том ажиллагаа явагдаж байсан аж.\үргэлжлэл бий\
