“Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр нурсаныг аймгийн БОАЖГ-ынхан харуулжээ
Нийтэлсэн: 2015-09-02 01:42:45
Хэнтий аймгийн Засаг дарга нь “Архигүй Хэнтийчүүд”, “Архигүй Өмнөдэлгэрчүүд” хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлж байгаа. “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн нээлт 2013 оны 3-р сарын 7-ны өдөр Өндөрхаан хотод ёслол төгөлдөр болж арга хэмжээнд 60 байгууллага, бүх сумын төлөөлөл нийт 3000-аад иргэд оролцсон тухай Засаг дарга Ж.Оюунбаатар нь одоо ч бахархан дурсдаг. Аймгийнхаа Засаг даргын санаачилсан энэ хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хурал алга нижигнүүлэн ташиж баталсан гэдэг. Зөвхөн 2013 онд “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн хөгжлийн сангаас 26,5 сая төгрөг зарцуулсан. Үүний ачаар 170 хүн архинаас гарч Ж.Оюунбаатар даргын алдар нэр мандан хөрш аймгаас нь туршлага судлахаар ирж байсан удаатай. Гэтэл улс орон даяар алдаршсан энэ мундаг хөтөлбөр нурж унасаныг аймгийн төрийн захиргааны байгууллагынхан батлан харуулжээ. Байгаль орчин. Аялал жуулчлалын газрын дарга Г.Энхбаяр нь мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнийн хамт Дэлгэрхаан суманд томилолтоор ажиллажээ. Тэнд очоод хотоос ирсэн “TNC” ОУБ-ын биологич Төгөлдөр, сумын байгаль хамгаалагч Энхбаатар нарын хамт тахилгатай гэх Хэрлэн тооно ууланд гарчээ. Сумын байгаль хамгаалагч тахилгатай уул шүү гээд нэг шил архи гаргаж ирэхэд БОАЖГ-ын дарга “Архигүй Хэнтий хөтөлбөр хэрэгжиж байгаа шүү”хэмээн даргын хувьд гэхдээ тоглоомоор хэлсэн гэнэ. Нөгөө гурав ёс байна гээд гурав гурав татаж. Ууланд аргал хараад буцах замдаа ахин нэг тойруулжээ. Харин даргын хувьд архи огт амсдаггүй тул уруулдаа ч хүргээгүй гэнэ. Сумын төвийн буудалд хотын биологич жолоочтойгоо нэг өрөөнд, харин дарга мэргэжилтэн хоёр хамтдаа оржээ. Цай хоолоо идсэний дараа хавтгай архидалт эхэлсэн гэнэ. Гэхдээ бас л сумынхан эхлэлийг нь тавьж. Сумын орлогч, газрын даамал, байгаль хамгаалагч гурав архитай ирэн оройжин шуугилдаж газрын даргыг унтуулсангүй. Маргааш нь зөвлөгөөн болж Дэлгэрхаан сумын Засаг дарга, тамгын газрынхан иргэд оролцож хотын биологич ажлаа танилцуулжээ. Үдээс хойш нь “TNC” ОУБ-ынхан буцах болоход гаргаж өгч байна хэмээн 2 шил архи уусан гэж дарга баталж. Маргааш нь дарга Жаргалтхаан сум руу ажлаар явахад мэргэжилтэн нь согтоод унтаад үлдэж. Дарга аймагт и рээд газрынхаа Ёс зүйн хороог хуралдуулаад хөдөө ажлаар явахдаа хотын биологич, Дэлгэрхаан сумынхантай архидсан мэргэжилтэндээ дүгнэлт гаргуулан ажлаас нь халжээ. Энэ жишээн дээр л Ж.Оюунбаатар даргын мундаг ажил гээд байдаг “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөр нь хоосон цаас болсоныг харуулж байна.Олон сая төгрөг зарцуулсан гэх мундаг хөтөлбөрийг нь төрийн захиргааныхан, сумын хурган дарга нь юман чинээ тоосонгүй. Байдал газар дээрээ ийм байхад энэ хөтөлбөрөөс үр дүн гарсан гэдэг нь худлаа байх. Хөтөлбөрийн нээлтийн сүржин арга хэмжээ, мэдээ тайлан зэргийг эс тоцвол бусад аймгийнхан Хэнтийд ирээд судлах ч туршлага байхгүй гэдгийг дээрхи явдал харуулж байна. Сүүлдээ бүр утгаа алдаад дарга нарын ажлаас халах, төрийн албаныхны бие биенээ матах шалтаг болон хувирчээ.