АЕГ-ын дарга И.Саруул нь ССГ-ын экс даргынхаа зөрчлийг нуун далдлах зорилгоор Б|07 тоот тушаал гаргасан нь батлагджээ
Нийтэлсэн: 2015-08-31 07:25:41
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АЕГ-ыг доктор, профессор И.Саруул удирддаг. Тэрээр Сургалт судалгааны газрын дарга Д.Батхуягтайгаа эхлээд “ойлголцож” байснаа дараа нь түнжин хагарчээ. Эцэст нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай Б\07 тоот тушаал гэгчийн учир начир тайлагдаж. Хэрэг явдал АЕГ-ын ажилтан Ц.Ц нь ХЗ-н сайдад хандан Сургалт судалгааны газрын дарга нь ажилтнуудтай зүй бусаар харьцдаг, дарамталдаг тухай гомдол гаргажээ. Гомдлын дагуу ажлын хэсэг АЕГ-д ирж шалгалт хийж. Шалгалт явагдаж байх үед газрын дарга нь эмчлүүлэх шаардлагатай байна хэмээн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу И.Саруул дарга Б\07 тоот тушаал гаргаж ажлаас нь чөлөөлжээ. Гэтэл тун удалгүй халагдсан дарга ХЗ-н сайд, яамны ТНБД нарт өргөдөл гаргаж “тангараг өргөсөн ажилтныг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад элдвээр дарамтлан ажлаас халсан” асуудлыг шалгаж өгөхийг хүсэж. ХЗЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл өргөдлийг нь хэлэлцээд халах тушаал нь хууль зүйн үндэслэлтэй болохыг нь мэдэгдэж. Харин энэ үеэр Ц.Ц-ийн гомдлын дагуу хийсэн шалгалтын дүн гарч ноцтой баримтыг дэлгэн тавьжээ. Үүнээс заримыг нь дурдахад “Интерном”-оос ирсэн борлуулалтын орлогын 348 мянган төгрөгийг замаас нь аваад 10 сарын дараа нэхүүлж байж буцааж өгсөн, “Архивын мэдээ” сэтгүүлийн дугааруудыг нэг бүрийн 5000 төгрөгөөр үнэлэн тараахдаа төлбөрийг нь “Архивын баримтыг хамгаалах холбоо” ТББ-ын дансаар авах гэсэн, энэхүү ТББ-ыг Д.Батхуягийн даалгавраар ажилтнууд нь байгуулсан болох нь сүүлд тогтоогдсон, МЭХ-той хамтарсан үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын үеэр 2 сая төгрөгийг дээрхи ТББ-ын дансаар авсан ч тухайн мөнгөөр хийгдэх ажлын зардлыг АЕГ-аас гаргуулах гэж оролдсон зэрэг байж. Иймэрхүү явдал төрийн байгуулагуудаар дүүрэн байдаг ч нэгэн хөгжилтэй гэмээр явдал давхар илэрч. Д.Батхуягийн “но”-г ухаж яваад тэртээх 2006 онд ҮАГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хадам аав нас барсан хэмээн хоёр удаа тус бүр 100 мянган төгрөгийн буцалтгүй тусламж авчихсан байсныг нь олж тогтоосон гэнэ. Экс дарга ч гаргасан зарим зөрчлөө хүлээн зөвшөөрч. Номын орлогийн 348 мянган төгрөгийг хүүхдийнхээ сургалтын төлбөрд өгсөн ч дараа нь буцааж төлсөн, эхнэрээ байгууллагын зардлаар Испани явуулсан нь үнэн, гэхдээ тушаалыг би гаргаагүй дарга гаргасан гэжээ. Нийтдээ 10 гаруй зөрчил алдаа илэрсэнд ХЗ-н сайдын албан тоотын дагуу И.Саруул нь өмнө нь ажлаас чөлөөлөөд байсан Судалгаа сургалтын албаны даргаа Б\14 тоот тушаал гарган халжээ. Тэгвэл өмнөх ажлаас чөлөөлсөн Б\07 тоот тушаалын учир нь удалгүй олдож. Тухайн үед ХЗЯ-наас ирсэн шалгалтаар дээрхи зөрчлүүд илрэх нь гарцаагүй болсон тул шалгалтын дүн гарахаас өмнө ажлаа чимээгүйхэн өгөхөөр шийдсэн бололтой.И.Саруул ч Д.Батхуягтай харилцан тохирч гаргасан зөрчлийг нь нуун далдах зорилгоор ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь дараа нь батлагдаж. Ажлаас чөлөөлсөний дараа тэр хоёр муудалцаж газрын экс дарга ХЗ-н сайдад өргөдөл гаргаад бурууджээ. И. Саруул нь 2013 онд АЕГ-ын дарга болсон бол Д.Батхуяг нь тус газарт 2003 оноос тамгын газрын дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Сургалт судалгааны газрын дарга хийж ирсэн архивын жинхэнэ “хашир хандгай” аж. Ийнхүү ХЗЯ-ны харьяа байгууллагуудад ч хүртэл хуйвалдаан тохироо газар авсан нь энэ гэнэ.