“Батзүү” дахин шалгалт оруулах Татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцжээ
Нийтэлсэн: 2015-08-28 01:57:50
Хичээлийн шинэ жилийн өмнөхөн сурагчын дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн зөрчил эрс ширүүслээ. Өрсөлдөөний нэг талд “Ихшаглаа” компаний захирал И.Төмөрбаатар, , “Батзүү” компаний Б.Оюунчимэг, “Энхзүр” компаний Ү.Энхжаргал нар байгаа гэнэ. Тухайн үед Шинэчлэлийн Засгийн газрын тогтоолоор оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая доллар хүртэл хэмжээний санхүүжилт, зээлийг олгохоор шийдвэрлэж зээлийг зарцуулах, эргэн төлүүлэх асуудлыг хариуцаж ажиллахыг ҮХАА-н сайд Х.Баттулгад үүрэг болгосон. Үүний дагуу яам нь “Оёдлын үйлдвэрийг аттестатчилах, техник технологийн үнэлгээ хийх” ажиллагааг зохион байгуулж үүнийхээ үр дүнд үйлдвэрлэл явуулах боломжтой бүх аж ахуйн нэгжүүдийг тодруулжээ. ТНБД Х.Золжаргал нь тэдгээр компаниудыг цуглуулж сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх талаар уулзалт хийсэн биш хэрэлдээд тарж байсан гэнэ. Уулзалтын өмнө л яам долоон компанид давуу эрх олгосон хэмээн “Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо” хэл ам хийж гарч. Түүнийгээ ч уулзалт дээр шуудхан хэлжээ. “Ихшаглаа”, “Энхзүр”, “Батзүү” компаниудын удирдлага нь бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтрахгүй бид дангаар хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж хурлыг орхиж гарсан хэмээн төрийнхөн өдгөө өөрсдийгөө хамгаалдаг. Хурлын тэмдэглэлд “…Батзүү ХХК-ийн н.Оюунчимэг “...Бидний талд үйлдвэрлэгчдийн 70-80 хувь зогсож байна. Дэмжвэл сайн, дэмжихгүй бол 2 талдаа гаръя, манай холбоонд энэ асуудал таалагдахгүй байна /энэ асуудлаас болж нилээд маргаан гарав/', Их Шаглаа ХХК-ийн Төмөрбаатар “2-р сараас энэ тухай асуудал эхэлсэн, бид Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо байгуулж ажилласан. Та бидний ажлын аргачлал тохирохгүй байна, “Батзүү” ХХК-ийн н.Оюунчимэг “Сонгон шалгаруулалтыг дахин хийх хэрэгтэй, би алдах юмтай, та нар алдах юмгүй, би хэзээ ч энэ зургаан компанийг дагахгүй, Засгийн газарт хэлнэ, Сурагчдыг босгоно, Оюунчимэг хашигчин уурлаж энэ үйлдвэрлэлд бид оролцохгүй гэж эсэргүүцсээр хурлыг хаяж гарч явлаа” гэж бичигдсэн байжээ. Гэтэл 13.5 сая доллар зарцуулаад хийгдсэн чанаргүй дүрэмт хувцас, агуулахаар дүүрэн үлдэгдэл, зээлийн эргэн төлөлтөнд хэн хариуцлага хүлээх нь одоо болтол тогтоогдохгүй л байна. “Батзүү” компаний захирал саяхан мэдэгдэл хийж татвард ямар ч өргүй гэсэн. Гэсэн ч энэ компани нь Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн байцаагч Б.Бат-Эрдэнэ, Б.Батчимэг нарын “Батзүү”-гийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулахаар тавьсан 2014 оны 9-р сарын 11-ний өдрийн татварын улсын байцаагчийн 35/0002146 тоот актыг эс зөвшөөрсөнтэй холбоотой процессын ажиллагаа Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл болон шүүхэд явагдаж байгаа байна.