600 мянган долларын үнэтэй цаг зүүдэг эр Оросын төмөр замыг тэргүүлэхээр ирлээ
Оросын хувьд 8-р сар нь барууны бяслагийг тонн тонноор нь устгасан, Путин шумбагч онгоцоор хөвсөн зэрэг нь гол мэдээ байсан. Гэтэл гэнэтхэн л олны анхааралд Ерөнхийлөгчийн эртний анд, “Оросын төмөр зам” төрийн өмчит ХК-ны ерөнхийлөгч В.Якунин болон төрийн тэргүүний хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Д.Песков нар орж ирлээ. Нэг нь төмөр замын удирдлагыг орхиж байгаагаа мэдэгдсэн бол нөгөө түүний оронд суухаар боллоо. Якунин Калининград мужийн сенатын гишүүн болж магадгүй агаад үүнийг нь ажиглагчид албан тушаал эрх мэдэл нь буурсан хэрэг хэмээн дүгнэсэн. Харин Песковын хувьд өмнө нь “Richard Mille” брэндийн 600 мянган долларын цаг зүүн гангарч байгаагаар олны анхааралд нэгэнтээ өртөөд авсан. Энэ цагны үнэ нь түүний бүтэн жилийн цалингаас 4 дахин их гэсэн. Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальный нь Песковыг долоо хоногийн түрээс нь нь 350 мянган еврогоос буудаггүй тансаг зэрэглэлийн “Maltese Falcon” гэдэг усан онгоцонд гэргийн хамт бал сараа өнгөрүүлсэн тухай зарлаж байсан. Цаадах нь үүнийг няцааж эхнэр болох олимпийн аварга Татьяана Навкагийн хамт Сицилид бал сараа өнгөрүүлсэн, харин цагны тухайд эхнэрийнх нь бэлэг гэж тайлбарласан. Якунин, Песков нарын хэрэг явдал нь Оросын эдийн засаг гүнзгий хямралд унаад байгаа өнөө үед Путин өөрийн багдаа хэрхэн хандаж байгааг харуулж байгаа хэрэг гэнэ. Судлаач Липманы үзэж байгаагаар Якунин нь хэдийгээр шуудхан халагдчихаагүй ч олон жил хашсан маш унацтай албан тушаалаа алдсан бол Песков нь цаг усан онгоцны тухай хэл аманд орооцолдсон нь “уснаас хуурай гарч” харин ч дэвшсэн аж. Якунин нь мөн л олон жилийн турш эрх баригчдын авлигалыг мөшгөдөг Оросын сөрөг хүчний бай болж ирсэн. 2013 онд хэвлэлээр Якунины том тансаг эдлэн газар, хаусны зураг нийтлэгдэж шуугиан тарьсан. Бүр үнэт үслэг эдлэл шуба зэргийг нь хадгалдаг агааржуулатын тусгай техник тоноглолтой өрөөний тухай ч мэдээлэл гарсан. Энэ бүх шуугианы дараа Якунин эдлэн газраа бушуухан заржээ. Бас нэг хэрэг явдал нь Якунины хүүхдүүдийн том бизнес, тэдний нэр дээр гадаадад бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн урт жагсаалт байсан. Судлаач Глеб Павловскийн үзэж байгаагаар Якунин буусан нь Путины өөрийн хүрээлэлдээ ханддаг арга барилтай нь шууд холбоотой аж. Тэрээр “багийн гишүүддээ” тодорхой хэмжээнд идэх уух, эрх мэдлээ хэтрүүлэх, хууль зөрчих зэргийг нь зөвшөөрдөг гэнэ. Гэхдээ тэрийг нь хэдийд зогсоохоо бас л өөрөө шийддэг аж. Харин сайн найз Якунинаа авлигалын хэргээр нь бус харин Оросын хуучирч хоцрогдсон төмөр замын бүтцийг шинэчлэх ажил удааширалтай байна гэдэг шалтгаанаар албан тушаалаас нь буулгасан гэнэ. Барууны судлаач Эндрю Вайссын баталж байгаагаар Путин нь үнэн хэрэгтээ өнгөрсөн жил Якуниныг халчихсан байжээ. Гэхдээ түүнд нэг жилийн хугацаа өгч элдэв баримт сэлтээ “баллуурдах” боломж олгосон гэнэ. Түүнээс гадна Якунин нь тун ч үндсэрхэг үзэлтэй, Барууныг үзэн ядагчдыг нэг аж. Харин түүнийг явуулж байгаа нь Путин барууныхны дарамтанд автагдаж байгаагийн нэг шинж гэж судлаач мэдэгджээ. Якуниныг буулгасан нь Оросын удирдлагын дээд давхаргад Ерөнхийлөгч томоохон халаа сэлгээ хийх нь гэсэн яриа шуугиан дэгдээсэн. Намараас энэ ажиллагаа хэлэж магадгүй аж. 2018 оны хавар ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Путин үүнээс өмнө амжаад бүхнийг гартаа бүрэн атгаж байхын тулд ахин хэл аманд өртсөн хуучуулаа халаад оронд нь өөрийн багаасаа шинэ хүмүүсийг гаргаж тавих бололтой. Харин тэрээр Якунины тухайд “энэ бол цэвэр өөрийнх нь шийдвэр” гэснээс өөр зүйл хэлээгүй. Гэхдээ үе үе өөрийн багаа бужигнуулдаг Путины араншинг 2009 онд хэлсэн үгнээс нь тодорхойлж болно. Тухайн үед тэрээр “хямрал нь боловсон хүчний асуудлыг шийдэх сайхан шалтаг бас тохирсон цаг нь байдаг” гэсэн удаатай.