Чингэлтэйн сонгуулийн мөнгө тараалтанд З.Баянсэлэнгийн гүйцэтгэсэн “үүрэг”
2012 оны орон нутгийн сонгуулийн хамгийн том будлиан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт болсон. Эхний удаад сонгогчдын ирц хүрээгүй тул нөхөн сонгууль явагдаж эцэст нь мөнгө тараагдсан хэрэг дэгдсэн. Энэ хэргийн гол буруутнаар МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, менежер Ч.Батманлай нарыг сонгогчдын сонгох эрхэнд халдаж мөнгө тараан санал худалдаж авсан хэмээн буруутгасан. Шүүх Н.Хишигсүрэнгийн төрийн албан тушал эрхлэх эрхийг хоёр жилээр хасаж дөрвөн сар баривчилах ял оноосон. Түүнээс гадна тэрээр 112 хоног, Б.Гал-Эрдэнэ Г.Сүхбаатар, Ш.Гантулга нар нь 101 хоног тус тус цагдан хоригджээ. Гэхдээ хэргийн гол буруутан голлон зохион байгуулагч нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болон Содхүү нар байжээ. Сонгогчдын ирц хүрээгүй тул нөхөн сонгууль явагдах болоод байтал МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэнг гишүүн хатагтай Содхүү хоёр дууджээ. З.Баянсэлэнгэ “чи одоохон МАН-аас нэр дэвшигч Бугасүрэнтэй уулз, энэ бол намын даалгавар” хэмээн тулгасаныг МАХН-ын нэр дэвшигч шүүхэд мэдүүлсэн. Мөн “хэрвээ энэ сонгуульд манай нам Ардын намтай хамтарвал бид өндөр албан тушаал авах гээд байна, чамайг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга болгоно” гэж шахжээ. Намын удирдлагынхаа шахалтанд орсон Н.Хишигсүрэн Ардын намынхантай уулзхж цаадуул нь тараагаарай хэмээн 2,7 сая төгрөг өгсөн гэнэ. Гэсэн ч Н.Хишигсүрэн нь сонгуулийн бохир ажиллагаанд хутгалдсан болохоо ойлгож. Тэрээр өөрөө анхлан Чингэлтэй дүүргийн цагдаад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын хууль бус ажиллагааг шалгуулах зорилгоор өргөдөл гаргасан ч эцэсдээ өөрөө санал худалдан авах ажиллагааг зохион байгуулагч гэгдэн бурууджээ. Гишүүн хатагтай халдашгүй эрх гэдэг бамбайныхаа цаана ороод нуугдсан. Харин түүний хатгаасаас болж МАХН-ын дөрвөн гишүүн цагдан хоригдож эцэсдээ ял шийтгэл хүлээсэн. Н.Хишигсүрэн нарын хэргийг УДШ хянаад ялыг нь хэвээр баталсан агаад тэрээр одоо хоригдож байна. Харин түүнийг хууль бус үйлдэл руу түлхсэн З.Баянсэлэнгэ нь сайдын суудал горилоод явж байгаа нь МАХН-д байдаг л үзэгдэл гэнэ. Энэ намд хэдхэн хүний л эрх ашиг голлодог агаад түүний төлөө жирийн гишүүдээ яаж ч золиосолж чаддаг аж.