Залилагч хятад, монгол эмэгтэй болон “Даяар Монгол”-ын залуусын хооронд гурвалжин зодоон болжээ
Нийтэлсэн: 2015-08-21 00:02:51
Монголд хөрөнгө оруулагч гэх гадаадынхны гурван хүн тутмын хоёр нь хятад байдаг. Тэгвэл тэрхүү гурван хятад тутмын нэг нь залилагч луйварчин байх жишээтэй. “Сарьдаг Өндөр” гэх компаний захирал Бай Жу Дун хэмээх хятад нь “Мах маркэт” болон төмрийн наймаа хийдэг монгол эмэгтэйг гайгүй сайн луйвардаад баригджээ. “Мах маркэт” нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод махны үйлдвэр байгуулах үед “Харбин дэлл” гэдэг хятад компани гүйцэтгэгчээр оржээ. Явцын дунд захирал Бай Жу Дун нь компанийхаа нэрийг монголчилж “Сарьдаг Өндөр” болгож. Гэрээний дагуу Бай захирал барилгыг сэндвичээр барихаар болж урьдчилгаа 30 мянган доллар авч. Гэсэн ч нийт ажлын 60 хувийг хийсэн ч нэмж хөлс авсаар бараг 80 хувийн төлбөрийг нь аваад зугтжээ. Гэрээгээ дүгнэх гэхээр монгол хэл мэдэхгүй гээд машиндаа суун хөдлөөд тэр чигээрээ алга болж. Гэхдээ Бай захирал монголоор сайн ярьдаг болохыг түүнд 40 тонн арматурын төмөр зарсан Н.Эхбаясгалан гэдэг эмэгтэй баталжээ. Бай захирал түүнд мөнгийг нь өгнө гэж явсаар сүүлдээ зодоон цохиондоо тулжээ. Хятад захирлын шинэ офисийг арай гэж олсон эмэгтэй мөнгөө авах гэхэд монгол дэд захирал хуулийн зөвлөх нь бичгээр үйлдсэн баримт нэхсэн гэнэ. 60 сая авах учиртайгаа хэлэхэд хоёр саяыг л өгнө гэсэнд уурссан эмэгтэй “Даяар Монгол” хөдөлгөөний залуус руу ярьж тусламж дууджээ. Хөдөлгөөний УЗ-ийн гишүүн Баяраа, П.Шижээравдан, Э.Төмөрхуяг нарын залуус очиж элэгт нэгт эгчээ өмөөрсөн гэнэ. Тухайн үед байсан орчуулагч эмэгтэйн мэдүүлснээр мөнгөө нэхсэн эмэгтэй захирал тэр хоёрыг гарахгүй гэж хаалга алдлан зогсжээ. Хятад захирал мөнгөний баримтыг нь шал руу шидэлсэнд монгол эмэгтэй уурсан өмгөөлж хамаалдаг газар луугаа утасджээ. “Хятадууд дарамтлаад байна, туслаач” гэсэн дуудлагаар том биетэй 5-6 залуу офисд нь дайран орж иржээ. Тэд хятад захирлыг орлогч, өмгөөлөгчтэй нь хамт том өрөө руу оруулан буйдан дээр дараад авч. Хуулийн зөвлөхийг Төмөрөө нь хоёр ч шанаадсан гэнэ. Хятад монгол эрчүүд нүдэлдэж байх зуур Энхбаясгалан нь орчуулагч бүсгүйг “хятадуудтай нийллээ чи муу” гээд бугалганаас нь дуу алдтал нь гайгүй сайн чимхэж хашраажээ. Айсан орчуулагч том өрөөнд бөөн юм болж байх хооронд самбаачилан гарч зугттал аз тайрч гудамжинд хоёр цагдаатай шууд тааралджээ. Ингээд бүгд цагдаад хүргэгдсэн гэнэ. “Даяар Монгол”-ын залуусыг тэр дор нь тавиад явуулж. Дараа нь тэд Энхбаясгалан руу утасдаж нөгөө хэрэг чинь юу болсон гэхэд өөдөөс нь “одоо та нарт хамаагүй” хэмээн хэдэрлэсэн гэнэ. Үүнд нь залуус хэрэг болохоор дуудаад хэргээ дуусахаар муухай харьцлаа хэмээн гомдолложээ. “Сарьдаг Өндөр” компаний Бай захирал би монгол хэл мэдэхгүй тул гэрээ тохиролцоо яаж байгуулж чадах юм хэмээн “гүрийсээр” байсан ч хохирогч нар нь залилан хийснийг нь нотлох баримт гаргаж ирсэнд шүүх 10 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй шоронд эдлүүлэх ялаар шийтгэжээ.
NUUTS.mn