Н.Номтойбаяр гишүүний уулзалтанд хонжворгүй бол хүн ирэхээ байсан уу…
УИХ-ын гишүүд ирэх жилийн сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Хууль журам чангарсан тул мөнгө зарлагддаг, шагнадаг урамшуулдаг ажлуудаа энэ ондоо багтаагаад урьдчилан хийхээр шийдэж. Н.Номтойбаяр мэтийн мөнгөтэй гишүүд нь шууд л “бярдах” аргаар ажлаа эхэлж байна. “Дорнодын хөгжил Дорнодын залуус биднээс хамаарна” гэсэн уулзалт хэлэлцүүлгийг тэрээр өөрийн тойрог Дорноддоо зохион явуулахаар болж зар тарааж эхэлжээ. Иймэрхүү сүржин нэртэй уулзалт яриа олон болдог ч энэ удаагийнх нь ирсэн хүн сугалаанд оролцож болдог гэдгээрээ сонирхол татаж байна. Хэлэлцүүлэгт оролцоод “азтан” болсон залуус нэг жилийн сургалтын төлбөр, гадаадад аялах эрх, ухаалаг гар утас хожих нь. Үүнээс харахад Номт гишүүний хэлэлцүүлэг ажил хэрэгч яриа биш баахан залуус үймсэн, хожсон нь баярласан хожоогүй нь бухимдсан бөөн бужигнаан болоод дуусах бололтой. Урьд өмнөх олон удаагийн уулзалтанд нь дандаа хөгшчүүд ирдэг болохоор Номт тэднээс уйджээ. Ингээд залуусыг татахаар материаллаг хөшүүрэг хэрэглэсэн нь энэ гэнэ. Гэхдээ сургалтын төлбөр, гар утас өгнө гэж баахан залуус цуглуулсан ч хэлэлцүүлэг нь үр дүнтэй болох уу гэдэг нь эргэлзээтэй. Нөгөө залуус нь гишүүний ярьж байгааг анхаарах сэхээгүй, Дорнодын хөгжил өөрөөс нь хамаарч байгааг ухаарах самбаагүй зөвхөн л надад хонжвор таардаг болов уу гээд сугалаа тас ширтээд таг дуугай суугаад байвал яах билээ. Номт гишүүн энэ мэтээр мөнгөөр цохисон мөнгөөр татсан ажлыг байнга хийдэг. Өнгөрсөн эх үрсийн баяр буюу 1000 ээжийн баярт оролцохоор хотоод ирсэн Дорнодын ээж эмээ нарыг том зоогийн газарт хүлээн авч хүн бүрд 35 мянган төгрөгний үнэтэй ясны сийрэгжилтийн эсрэг аминдэм өгсөн. Хажуугаар өөрийн гаргасан санал хийсэн ажил гэх канондсон цаас хавчуулсан гэсэн. Мөн ирэх жилийн эх үрсийн баяраар Дорнодын 150 ээжийг Сонгино амралтанд өөрийн зардлаар амраана гэж ам алдсан. Гэтэл сонгуулийн өмнө нэр дэвшигчийг иймэрхүү ажил хийхийг хуулиар хориглосон байдагийг мэддэг л баймаар юм. Номт гишүүн сургалтын төлбөр ухаалаг гар утасны хонжвортой хэлэлцүүлэг тараасан нь залуусыг шуугиулжээ. Зарим нь дараагийн хэлэлцүүлэг дээр “Киви” хамтлагийг авчирч дуулуулах байх хэмээн хүлээж байгаа гэнэ.