Ангиар нь зодсон багш сургуулийн ҮЭХ-ны дарга тул хариуцлага хүлээхгүй гэжээ
Нийтэлсэн: 2015-08-10 03:25:39
Орхон аймгийн Боловсролын хэлтсийнхэн нэгэн бэрх асуудлыг шийдэж чадахгүй бүтэн жил тойрч байгаа гэнэ. Энэ нь гэрийн даалгавар хийгээгүй хэмээн ангиар зодсон багш нь сургуулийн ҮЭХ-ны дарга тул арга хэмжээ авч болдоггүй аж. Болсон явдлыг сөхөхөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын лаборатори 8-р сургуулийн түүх нийгмийн ухааны багш, сургуулийн ҮЭХ-ны хорооны дарга сонгуульт ажилтай Э.Т нь даалгавар хийгээгүй, багшийн шаардлагыг биелүүлээгүй хэмээн 10”г” ангийн 27 сурагчын эрх чөлөөнд халдсан хэрэг өнгөрсөн оны 10-р сард гарчээ. Аймгийн Боловсролын хэлтсийн Ёс зүйн зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хэлтэс, эцэг эхийн төлөөлөл болон Оюут багийн цагдаагийн хэлтсийн төлөөлөгчийг орлцуулан хийсэн хурлаар ҮЭХ-ны дарга нь даалгавар хийж ирсэнгүй хэмээн шалны модоор бүр ангиар нь зодсон нь тогтоогдож. Хурал дээр зодуулсан сурагчдыг биед сургуулийн эмч үзлэг хийхэд хөхрөлт няцралт үүссэнийг нь тогтоосон гэнэ. Ингээд сургуулийн захирлын тушаалаар багшийг ажлаас нь халжээ. Мөн багшлах эрхийг нь хасуулах саналыг аймгийн Боловсролын газарт хүргүүлснээс гадна ҮЭ-ийнн сонгуульт ажилтан нь ноцтой зөрчил гаргасан тухай аймгийн ҮЭХ-нд нь мэдэгджээ. Сургуулийн захиргаа дараагийн арга хэмжээ болгож багш ажилчдын ҮЭ-ийн гишүүний татварын мөнгийг захиран зарцуулах эрхийг нь цуцлуулахаар банкинд бичиг явуулжээ. Энэ бүхний дараа аймгийн ҮЭХ нь хүүхэд зодсон багшийг хамгаалаад эхэлж. Тэдний бамбай болгоод байгаа “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай” хуульд “үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас нь халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбоотойгоор сахилгын шийтгэл оноохыг хориглоно” гэсэн заалт байдаг гэнэ. Ингээд сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүй ажлаас халсан нь дээрхи заалтыг зөрчсөн болж таарчээ. Мөн татварын мөнгөний гүйлгээ хийх эрхийг нь цуцалсан нь ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, ажилд нь санаатай саад учруулсан хэрэг болоод явчихжээ. Ийнхүү сурагчидаа зодсон ҮЭХ-ны даргын сонгуульт ажилтай багшаас болж аймгийн Боловсролын газар, сургуулийн захиргаа нь аймгийн ҮЭХ-тойгоо бүтэн жил гаруй тэмцэлдэж одоо болтол нь асуудлаа шийдэж чадахгүй явна. Сургуулийн захиргаа нь ҮЭХ-ны даргыг “сурагчийн нэр төр, үзэл бодлыг басамжилан доромжилох, бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх” гэсэн багшийн ёс зүйн дүрмийг зөрчиж ноцтой зөрчил гаргасан, биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийг шалны модоор зодсон ч ҮЭХ-ны дарга тул хариуцлага хүлээхгүй байж болно гэсэн нь хууль журамд нийцэхгүй хэмээн эсэргүүцсээр байна. Харин аймгийн ҮЭХ нь манай сонгуульт ажилтанг хэлмэгдүүллээ, ҮЭ-ийн ажилд санаатай саад хийсэн хэмээн зүтгэж байгаа гэнэ.