“Зорчигч тээврийн нэгтгэл”-д ажил хаялтанд уриалсан ажилчдаа халах компанит ажил өрнөж байна
Нийтэлсэн: 2015-07-22 14:07:37
Оны эхээр “Алтангадас”-аар шагнуулсан Ц.Одонтунгалаг захиралтай “Зорчигч тээврийн нэгтгэл”-д ажил хаялт байнга болдог. Эхний хагас жилийн байдлаар хоёр ч удаа гарсан. Нэгтгэлийн удирдлага нь ажил хаялт гарах цалин урамшууллын шалтгаан, нийгмийн хамгааллын асуудлыг арилгах замаар бус харин ажил хаялтанд оролцсон “таагүй” ажилчдаа халах замаар ажил хаялттай “тэмцэж” байгаа гэнэ. Энэ аргандаа сургамгай болсон удирдлагын “хорхойтой араанд” ажил хаялтанд уриалсан гэх ажилчид хамгийн түрүүнд зуугджээ. Тэднийг бусдын хөдөлмөрлөх эрхэнд халдсан хэмээн халаад эхэлж. Эхлээд 3-р сард болсон ажил хаялтын “буруутнуудыг” халж байгаа бол удахгүй зуны ажил хаялтын эздийг ээлж ирэх гэнэ. Кондуктор М.Ц-г нь оны эхний ээлжит ажил хаялтын үеэр “бусдыг ажил хаялтанд уриалж, хөдөлмөрлөх эрхийг хаан боогдуулсан” буруутай хэмээн захиргаа “яллажээ” гэнэ. Тэрээр хаалга тэгнэн зогсож шугаманд гарах автобуснуудыг гаргаагүй аж. Энэ үйлдлээрээ “бусдын хөдөлмөрлөх эрхэнд” халдсан кондуктор нь бусад ажилчдын нэгэн адил тээврийн ажилтны ҮЭ-ээс 3-р сарын 3-нд ажил хаялт зохион байгуулах тухай мэдэгдэл хүлээн авчээ. Ажил хаялт нь 10-нд болох байж. Тухайн өдөр ажилдаа цагтаа ирэхэд хойд хаалган дээр хүмүүс бөөгнөрсөн байсан гэнэ. Ажил хаялт болно гэж итгэсэн тэрээр шугаманд гарах гэж байгаа автобуснуудыг зогсоох гэсэн агаад түүнд ҮЭ-ээс ажил хаялт хийхээ больсон тухай мэдэгдээгүй гэнэ. Харин захиргаа нь кондукторыг бусдыг ажил хаялтанд өдөөн турхирсан, хөдөлмөрлөх эрхэнд нь халдсан хэмээн үзэж тэр өдөр нь ажилд гаргалгүй байгаад халжээ. ҮЭ-ийн дарга нь ажил хаяхаа больсон гэдгийг бүх ажилчдад мэдэгдсэн гэж өөрийгөө хамгаалж. Гэтэл ажил хаялт болно гэж бодсон нийт 10 гаруй хүн бусдыгаа ажил хаялтанд оролцохыг сануулж мэдэгдэж байж. Кондуктор М.Ц-д ажил хаялтанд оролцохыг уриалж гарын үсэг цуглуулж байсан гэх давхар “ял” нэмэгдсэн гэнэ. Ингээд өнөөх 10 хүнийг тэр дор нь 3-р баазын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд “хэргийг” нь нэгтгэлийн захиргааны зөвлөлд шилжүүлжээ. Бүхэл бүтэн нэгтгэлийн захиргааны зөвлөл хуралдсан юм бол бичгээр гаргасан тогтоол шийдвэр байх ёстой. Гэтэл тийм зүйл үзүүлэлгүй халжээ. ҮЭ-ээс зохион байгуулсан ажил хаялтанд оролцох гэсэн ажилчдыг халж байхад дарга Төөрүүл нь ядаж захиргааны зөвлөлийн хуралд нь суугаад өмгөөлж хамгаалсангүй. Нэгтгэлийн удирдлага ажил хаядаг нөхдийг түүж халаад ажил хаялтыг бүрмөсөн зогсооно гэж тооцоолж байгаа бололтой. Хэрвээ ажилчдын авах ёстой зүй ёсны цалинг олгохгүй, баруун аймгийнхнаас бүрдсэн захиргааны нүсэр бүтцээ цомхотгохгүй бол дараа дараагийн ажил хаялт гарсаар л байх болно.