Хятадын эдийн засгийг Америкийн 1929 оны санхүүгийн сүйрэл шиг хямрал хүлээж байна
Нийтэлсэн: 2015-07-15 04:43:23
1929 онд Америкийн хөрөнгийн биржээс үүдэлтэй хямрал улс орны эдийн засгийг бүрэн сүйрүүлсэн. Ганцхан өдрийн дотор 50 гаруй сая хувьцаа эзмшигчид ядуурч ажил орон гэрээ алдаж гудамжинд гарсан. Өдөр бүр нэг банк дампуурч амиа хорлосон банкирын тоо 50 хүрсэн. Тэгвэл орчин цагийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн бодит жишээ гэгдэх Хятадыг ийм тавилан хүлээж байгаа хэмээн дэлхийн хөрөнгө оруулагчдын 45 хувь нь дүгнэж байна. Ирэх жилд ч болж магадгүй хэмээн хугацаа заажээ. Өдгөө Бээжин улсын компаниудын хувьцааг зарахыг хоригложээ. Гэсэн ч хөрөнгийн бирж дэх компаниудын алдагдал нь аль хэдийн 3 их наяд долларт хүрсэн нь хөрөнгийн зах зээл нь 29 хувиар буурсан гэсэн тооцоо гарчээ. Өнгөрсөн пүрэв гаригт 147 компани арилжаанд оролцсонгүй. Бээжин голлох бирж болох Шанхай, Шиньжээний арилжааны хүрээг хумиж том компаниудынхаа хувьцааг зарах эсвэл худалдан авах зэргээр байдлыг тогтворжуулах гэсэн нь үр дүнд хүрсэнгүй. Хэдхэн сарын өмнө өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан Хятадын хөрөнгийн зах зээл хямралын ирмэгт тулжээ. Хятадын том компаниуд олон жилийн турш захиалгат аудит хийлгэж хуурамч тайлан гаргаж ирсэн байна. Одоогоор энэ хэрэгт 1300 гаруй компаний удирдлагыг сэжиглэж байгаа аж. Мөн Америк, баруун хэвлэлээр төлбөртэй мэдээлэл тараан хөрөнгө оруулагчдын тархийг угааж иржээ. Энэ улсын хөрөнгийн зах зээлийн тоглогчдын 80 хувь нь жижиг хөрөнгө оруулагчид байдгаараа онцлогтой. Жижиг хөрөнгө оруулагчид нь туршлага мэдрэмж муутай, зохион байгуулалтанд ордоггүй тул хямралын эхний шинжээр л үймэж сандарч хяналтаас гардаг аюултай. Олон жил хуурамч тайлан аудитад итгэн хувьцаа худалдан авч байсан жижиг хөрөнгө оруулагчдад саяхнаас ашгийг нь бэлэн мөнгөөр олгохгүй болсон нь бүр ч их айдас түгшүүр дэгджээ. Хятадын хөрөнгийн зах зээлийн хямрал эхлээд ипотекийн зээлд илэрч. Одоогийн байдлаар 90 гаруй сая хүн орон байраа алдсан гэсэн тооцоо гарчээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал одоо эрчим хүч нүүрсний салбар луу орж. Хятадад хөрөнгө оруулалт хийе гэхээр бүх дэд бүтцээ барьчихсан байдаг. Үйлдвэрлэлд нь шинэ техник технологи нэвтрүүлэх гэхээр хүмүүс нь үй олноороо ажилгүй болох дээр нь үлдсэн хэдийх нь цалин хөлсийг нэмэх дарамтанд ордог. Ажилгүйчүүд олширвол Хятадын нийгэм тогтвортой байдлаа алдах тул удирдлага нь инновациас битүүхэн зайлсхийсээр ирсэн. Томоохон кампаниуд нь хямарч эхэлсэн нь тэдэнд зээл өгдөг банкуудыг доройтуулж ашгийг нь бууруулж байна. Зээлжүүлэх чадвар нь буурсан банкууд харилцагчдаа зээлийн үйлчилгээ үзүүлж чадахаа больж. Ипотекийн зах зээл ноцтой хямарснаас болж томоохон үйлдвэрүүдийг тойрон баригдсан орон сууцны аварга хорооллууд эрчимтэй хоосорч эхэлжээ. Энэ нь эргээд барилгын салбарт үсэрхийлсэн байна. Дээрхи бүх баримт нь Хятадын үсрэнгүй хөгжилийн гайхамшиг гэгдэх эдийн засагт нь гарч байгаа их хямралын эхний шинж юм. Байдал хүндэрсэнд Бээжин хямралыг гадаадад хөрөнгө оруулах замаар нөхөх гэж Африк, латин Америк руу чиглэлээр эрчимтэй ажилаж эхэлсэн. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ч үүний нэг жишээ юм. Ийнхүү дэлхий дахинаараа Грекийн хямралыг тойрон шуугиж байхад бөмбөрцөгийн хоёрдахь том эдийн засаг голлох үзүүлэлтээрээ хурдтай уруудаж байна.