Согтуу залуу согтуу эцэг эхээ зодоод гэрээ шатаажээ
Нийтэлсэн: 2015-07-07 03:05:27
БЗД-ийн 17-р хороо, Эмнэлгийн 26-699 тоотод ноцтой хэрэг гарчээ. 26 настай Д.Б гэдэг архидан согтуурсан үедээ эцэг эхээ гэртээ архи уулаа хэмээн зодож ээжийгээ гэмтээгээд дараа нь гэрээ шатаасан гэнэ. Таван ханатай гэр тэр дороо авалцан шатаж улмаар гал тархан нэг иргэний Паз-3205 маркийн автобус, Мазда маркийн машин, 2,2 саяын үнэтэй GPS төхөөрөмж болон хашуу хашааны хоёр ч айлын гэр байшин амбаар шатаж ихээхэн хохирол учруулжээ. Архидалт ямар их хавтгайрч бүр гэр бүлийн хүрээнд нэвтэрснийг энэ хэрэг харуулжээ. Тухайн өдөр Д.Б нь ахтайгаа таарч архиджээ. Нэлээд согтсон тэрээр гэртээ иртэл эцэг эх хоёр нь бас л архидаж байж. Залуу өөрөө согтуу байж эцэг эхээ гэрт архидлаа хэмээн уурлаж зодон ээжийгээ гэмтээжээ. Айсан эцэг эх нь гарч зугтаагаад орж ирэхгүй байсанд орохгүй бол гэрээ шатаалаа хэмээн сүрдүүлж. Гэсэн ч эцэг эх нь яваад өгсөнд хар цаас асаан гэрийн зүүн талын хөшигнөөс эхлэн гал тавьжээ. Гэр агшин зуур шатаж улмаар гал тархжээ. Хажуу айлынх амбаар гэр шатаж эхлэхэд бага насны хүүхдүүд хэвтрийн өвөөгөө гудастай нь чирч гаргасан гэнэ. Иргэн П.И-гийн шугаманд гаргахаар бэлдсэн автобус юу ч үгүй шатаж 8,5 сая төгрөгийн хохирол учирч. Уг автобусанд 2,2 саяын үнэтэй GPS төхөөрөмж суугасан байж. Бас нэг иргэн зарах гэж байсан Мазда машинаа мөн юу ч үгүй шатаалгажээ. Согтуу галдан шатаагчийг зургаан жилээр хорих ял оноон нийт 32 сая төгрөг гаргуулан хохирогчидод олгуулахаар болжээ.