“Нарантуул трейд” компаний 16.1 хувиас болж Ш.Сайхансамбуу дүү Ш.Батсамбуутайгаа муудалцжээ-1
Нийтэлсэн: 2015-07-06 13:18:53
Нарантуул захын босс Ш.Сайхансамбуу саяхан ярилцлага өгөхдөө би амьдралд 105 хувь сэтгэл хангалуун байна гэсэн. Монголын хамгийн том хамгийн их орлоготой захыг булаацалдахгүй дайсангүй ганцаараа эзэмшиж байгаа хүн ингэж хэлэхгүй яах билээ…Гэхдээ л өдгөө булаацалдах нөхөр гараад ирж. Бүр төрсөн дүү нь байсан нь ихээхэн нууцалж байгаа энэ хэргийг мэддэг ойр дотнын хүрээнийхэнд нь жинхэнэ сенсааци гэгч болжээ. Дүү Ш.Батсамбуу нь ахаасаа дутахгүй том компанитай дээр нь Завхан аймгийн уячдын холбооны тэргүүнээр ажилладаг. Жил бүрийн намар зөвхөн нутгийн уяачдын хүрээнд маш өндөр бай шагналтай морины уралдаан зохион байгуулдаг. Үүнийг нь Ш.Сайхансамбуу өөрийнхөө оронд дүүгээ нутагтаа нэр дэвшүүлэх гэж байна хэмээн хардаж байсан ч одоо өрнөөд байгаа маргаанаас үзэхэд ах дүү хоёр улстөрд байтугай бизнесд ч эвлэхээ больсон бололтой. Болсон явдлыг эхнээс нь сөхөхөд “Нарантуул” ББХК буюу одоогийн “Нарантуул трейд” компанийг 1993 оны 9-р сарын 1-нд Ш.Сайхансамбуу үүсгэн байгуулж дараа оны 1-р сарын 5-нд улсын бүртгэлд бүртгүүлж байжээ. Компаний бизнесийн гараа нь Дэнжийн мянга дах бараан захыг хувьчлан авсанаар эхэлж улмаар үндсэн үйл ажиллагаа нь болсон. Тухайн үед бараан зах нь хотын захиргааны мэдэлд байжээ. Ш.Сайхансамбуу анх захыг худалдан авч дараа нь Германаас хөрөнгө оруулалт олж өөд нь татсан гэж ярьдаг ч яг үнэндээ санааг нь дүү нь гаргажээ. Ш.Батсамбуу бараан зах хувьчлагдах гэж байгааг мэдээд тендерт оролцохоор эхнэр болон найз А.Гэрэлбатын хамт баримт бичиг төслөө боловсруулж бэлджээ. Явцын дунд ах Ш.Сайхансамбуудаа санал тавьж тавьсанд гайхалтай нь ах нь эхнэрийн хамт эрс эсэргүүцэж байсан хэмээн Ш.Батсамбуу баталжээ. Гэсэн ч тэрээр сайн бас шаргуу ойлгуулж чадсаны хүчинд ах нь эхнэр Г.Оюунсогоогийн хамт захын хувьчлалд оролцохоор бол. Гэтэл ахин нэг үл ойлгогдох явдал болж дүүгийн компаний нэрээр бус харин Ш.Сайхансамбуугийн “Нарантуул” ББХК-ний нэрээр орохоор болж. Ингээд 1995 оны 8-р сарын 21-нд хотын захиргаанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд хамгийн өндөр буюу 49 сая төгрөгөөр үнэ цохин авчээ. Тухайн үед Ш.Батсамбуу нь худалдан авсан нийт үнийн 7,9 сая төгрөгийг өгсөн хэмээн одоо ч зүтгэдэг. Гэтэл түүнд “1995-09-019, дуудлага худалдааны үнэ 2,300,00 төгрөг“, “1995-09-04,Нарантуул компаний хувьчлалын үнэ 1,600,00” гэсэн кассын орлогийн хоёр баримтаас өөр нотолгоо байдаггүй гэнэ. Дээр нь байгаа баримтын үнэ нь нийлээд өөрөөсөө өгсөн гээд байгаа 7,9 саянд нь хүрдэггүй нь гачлантай. Энэ мөнгө нь захыг худалдан авсан 49 сая төгрөгний үнийн дүнгийн 16,1 хувь болдог агаад ийнхүү дүүгийн ахаасаа нэхдэг “Нарантуул трейд” компаний 16,1 хувийн маргааны эх үүсвэр тавигджээ. Тухайн үед Ш.Сайхансамбуу нь эхнэрийн хамт компаний дүрмийн санг 50\50 хувиар эзэмшиж байжээ. Ах эхнэрийн хамт надад чиний оруулсан 7,9 сая төгрөгт тэнцэх хэмжээний буюу 16,1 хувийг эзэмшүүлнэ хэмээн амласан, үүнийг бидний ах Шаравсамбуу, Баснэгсамбуу нар сайн мэднэ хэмээн дүү нь одоо ч зүтгэсэн хэвээрээ явна.\үргэлжлэл бий\