Сангийн яамны экс дарга Монголбанкны тухай ноцтой баримт дэлгэлээ
Монголбанк тодорхой нэгэн компанийг дэмжих зорилгоор хуульзөрчсөн үйлдэл хийж байсныг Сангийн яамны Төсвийн бодлогын гарын дарга асан, эдийн засагч Б. Батжаргал өдөр тутмын нэгэн сонинд дэлгэжээ. “МCS” болон АПУ, Петровис нарын Кайманы аралд байгуулсан “ММС”-ийн охин компани болох “Энержи ресурс” Өмнөговьд барьсан хатуу асфальтан замаа 90 орчим сая доллараар төрд зарсан. Үүний дараа 200 тэрбумын зээл авсан ажээ. Энэ мөнгийг одоогийн ханшаар тооцоход 100 сая доллар болно. Ингээд нийт 190 сая долларыг Монголбанк уг компанид гаргаж өгсөн байна. Эдийн засагч Б.Батжаргалын хэлснээр бол хуулиараа ийм зүйл хийх нь хориотой аж. Тэрээр “Мөнгө дутагдсанаас биш боломжоосоо илүү ихээр зарцуулснаас болж бид хямарсан” гэдэг нэртэй ярилцлага өгчээ. Түүний ярилцлагад “…Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй арга хэмжээг мөн хуулиараа Засгийн газар хэрэгжүүлэх ёстой боловч бас л зөрчөөд Монголбанк хэрэгжүүлсэн. Ер нь Төв банкнаас сүүлийн гурван жилд улс төрийн шинжтэй, алдаатай арга хэмжээнүүд их авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Төв банк үнэт цаас гарган дотоод захаас эх үүсвэр татаж, түүгээрээ Хөгжлийн банкаар дамжуулан “Энержи Ресурс”-ын барьсан асфальтан замыг худалдаж авсан. Анхнаасаа л “Энержи Ресурс”-ын замыг авах зорилгоор мөнгө босгосон гэсэн үг. Төв банк түүхэндээ ийм зүйлд хэзээ ч хутгалдаж байгаагүй. Уг нь энэ худалдаж авах эсэх нь Засгийн газрын чиг үүрэг юм. Дараагийн жишээ нь Төв банк “Энержи Ресурс” компанид 200 тэрбум төгрөг, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг худалдаж авсан GSC компанид 150 тэрбум төгрөгийн бодлогын зээл олгосон. Энэ нь нэгдүгээрт хуулиараа хориотой зүйл. Гэтэл бодлогын алдаанаас болж үүдсэн төгрөгийн ханшийн уналтын зөрүүнээс үүсч буй төлбөрийг иргэн бид төлж байна” гэжээ. Энэ нь тун ноцтой баримт юм. Түүнээс гадна “Энержи ресурс” авсан зээлээрээ гадаад өр төлбөрөө төлсөн нь тэр их доллар шууд гадагшаа гарсан гэсэн үг. Оюутолгой орлогоо Монголоор дамжуулдаггүй бол ултөр-бизнесийн бүлэглэл энэ мэт аргаар бас Монголоос валют гадагшлуулдаг аж.