Аудитын актыг төлөхгүй гэсэн Дарханы ИТХ-ын “Дубайн 7” томилолтын худлаа тайлан гаргаад баригджээ
Нийтэлсэн: 2015-06-30 11:46:33
Төрийн албан хаагчдын өнгөрсөн оны топ тансаглалын нэгэнд Дарханы ИТХ-ын долоон тэргүүлэгчийн Дубайн аялал орно. Энэ нь тухайн үедээ шуугиан дэгдээж УИХ-ын дарга З.Энхболд зардлыг нь буцаан төлүүлэх болсон тухай мэдэгдэж байсан. Гэсэн ч тэр нь худлаа байжээ. Бүр Дубайн долоо төлөхгүй хэмээн шүүхдээд эхэлж. Хэн хэн Дубайдсаныг сануулахад Дархан сумын Засаг дарга, аймгийн НАМЗХ-ны тэргүүн Б.Азжаргал, ИТХ-ын тэргүүлэгч Г.Эрдэнэбат\МАН\, П.Эрдэнэбат\АН\, Г.Батбаяр\МАН\, Б.Даваасамбуу\бие даагч\, Б.Бат-Эрдэнэ\аймгийн МАХН-ын дарга\, М.Төмөртогоо\АН\ нар явсан. Дубайн долоо “туршлага судлахаар явсан” бөгөөд үзэж харсан зүйл туршлагаа бодит ажил болгож аймаг орон нутгаа хөгжүүлэх хот төлөвлөлтийг сайжруулахад тус нэмэр болсон гэнэ. Бүр “Нью Турс” компаний хамгийн хямд зэрэглэлээр нь явж төсвийн хөрөнгийг хэмнэсэн байхад мөнгө төлүүлэх гэлээ хэмээн гомджээ. Дубайн долоод ИТХ нь “ердөө” 18,2 сая төгрөг гаргаж өгсөнөөр чамгүй “туршлага судлаад” иржээ. Юу сурсан бэ гэвэл Дархан хотын ерөнхий төлөввлөгөө 2023 он хүртэл гарсан ч ерөнхий макет зураггүй байжээ. Гэтэл араб нөхөд хотынхоо макет хийгээд иргэдээсээ санал авдагийг сэргэлэн долоо мэдээд ирсэн гэнэ. Дубайнхан ногоон байгууламжиндаа хөрөнгө гаргадаг болохыг мөн “судалж” мэдэж. Дээр нь хог хаягдлаа ангилан ялгадаг болохыг судлаад одоо Солонгосоос ийм жижиг үйлдвэр оруулж ирэх гэж байгаа нь үр ашигтай явсаны нэг баталгаа гэж маргажээ. Дубайд автобусны буудалд үйлчилгээний талаар мэдээлэл байрлуулдагийг олж хараад одоо Дархандаа хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ мэтээр Дубайн долоо бид үр ашигтай явсан, мөнгө буцаан төлөхгүй хэмээн байдгаараа эсэргүүцэж. Гэтэл тэднийг явахаас өмнө буюу 2013 онд “Нинжбар” гэдэг компаниар Дархан хотын макетийг хийлгэсэн байсаныг аудит гаргаад иржээ. Ногоон байгууламжинд хөрөнгө төсөвлөх тухайд “Мөнх ногоон хот” хөтөлбөр бүр 2012 оноос хэрэгжиж эхэлсэнийг Засаг дарга Б.Азжаргал нь орлогчын хамт Дубай явах хүртлээ мэддэггүй байсан болж таарч. Энэ мэтээр ичдэггүй долоо Дубайн тайландаа бусдын хийсэн баахан ажлыг оруулчихсан гэнэ. Үүнээс гадна ИТХ-ын шийдвэргүй явсан нь баримтаар батлагдаж. Тэдний шийдвэр гээд байгаа ИТХ-ын даргын удирдамж нь мань долоог Дубай явахдаа бэлдээд аялалын компанитайгаа гэрээ хийгээд мөнгөө шилжүүлсэний дараа нь гарсан байж. Тэр удирдамжинд нь элэг авах зүйл зөндөө бий нь долоон тэргүүлэгч Дубай хотын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай холбоо тогтооно гэж орсон байжээ. Хатуу хаант засаглалтай Арабын Эмиратад ямар гээчийн “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага” байдаг гэж бодсон юм бол доо хөөрхий…Төсвийн мөнгөөр дур мэдэн гадаадад зугаалдаг, аудит нь төлбөр тавихаар төлөхгүй гэж эсэргүүцдэг, бусдын хийсэн ажлыг оруулсан тайлан гаргаж өгдөг гээд Дарханы ИТХ-ын Дубайн долоод ичих нүүр гэж алга. Гэтэл тэдний дунд аймгийн НАМЗХ-ны тэргүүн, аймгийн МАХН-ын дарга гээд мөрдөх ёс зүй, хүлээх хариуцлагатай хүмүүс байж байгаа нь эмгэнэлтэй яа…
NUUTS.mn