“Дээдийн говь”-ийн хашаанд “Тавантолгой”-н инженерийн хувийн 400 тонн нүүрс “хэвтэж байгаа” гэнэ
Нийтэлсэн: 2015-06-29 07:33:12
Өмнөговьд орон нутгийн өмчийн гэх “Тавантолгой” гэдэг компани бий. Энэ компанитай нягт холбоотой хамгийн том хүн бол УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэдэг. Түүний араас Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаяр гээд хөвөрч өгнө. “Тавантолгой-гоос олон компани нүүрс авдагийн нэг нь “Дээдийн говь” юм. Босс Ж.Занахүү нь хөрөнгө чинээ нэр нөлөөгөөрөө аймагтаа төдийгүй хотод дээгүүр “жаалах” эр. Компани нь 2007 онд аймгийн “мөнхийн” Засаг даргаар тодорч магадгүй байгаа Б.Бадраагийн “эх оронч” санаачилгаар байгуулагдсан Цагаан хадад 15 га газрыг үнэ цохин худалдан авсан агаад бүр гаалийн хяналтын бүс болгосон. Тэгвэл том босс нарын дунд хэдэн жолооч чирэгдээд тээврийн хөлсөө авч чадалгүй гуравдахь жилдээ царайчлан явна. Болсон явдлыг дурдахад “Дээдийн говь” компаний хөтөч С.Гантогтох нь тохиролцон тэдгээр жолооч нараар “Тавантолгой” компаний 4-р амаас 412 тонн нүүрс тээвэрлүүлэн Цагаан хад дахь “гаалийн хяналтын бүс”-дээ буулгуулжээ. Тухайн үед 1 тонныг нь 118 юаниар тооцсон нь нийтдээ 15 сая төгрөг болсон ч одоо болтол хөлсийг нь өгдөггүй гэнэ. Сүүлдээ өнөөх нүүрс нь “Тавантолгой“ компаний бус харин инженер Р.Зоригтбаатарын хувийнх нь болж таарчээ. Өвлийн хүйтэнд өмнөговьчуудад олдодгүй нүүрс компаний том албан тушаалтны халаасанд гурав дөрвөн зуун тонноороо явж байдаг юм байна. Өнгөрсөн жил аймгийн ИТХ нь иргэддээ нүүрс өгнө өгөхгүй хэмээн бөөн юм болж байсан. Иргэдээсээ гурав дөрвөн тонныг харамладаг мөртлөө цаагуур нь гарын салаагаар урсаж байдаг бололтой. Орон нутгийн гэх “Тавантолгой” компанид хяналт шалгалт хийх хэрэгтэйг энэ явдал харуулжээ. Гэхдээ аймгийн удирдлагаас томилсон бус харин хөндлөнгийн этгээдээр шалгалт хийлгэх хэрэгтэй хэмээн өмнөговьчууд шуугиж байна.