10 мянган доллароос болж зодолдсон хоёр солонгос 2.8-3.8 сая төгрөгөөр торгуулжээ
Нийтэлсэн: 2015-06-23 04:23:13
Хоёр солонгос Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Turning Point" кафе дотор буюу олон нийтийн газар зодолдоод баар нураах шахжээ. "IWM" ХХК-ийн захирал, Рю овгийн Тэ Хён нь Хо овгийн Синийг "намайг хүндлэхгүй байна" хэмээн ялимгүй зүйлээр шалтаглан шилэн аягыг зэвсгийн чанартай хэрэглэн нүүрэн тус газар нь цохисон бол нөгөөх нь "намайг алгадлаа" хэмээн нүүрэн тус газар нь цохиж хоюулаа бэртжээ. Хоюулаа 50 гарсан настай улс байж. Хөгшин “Хон гил дон”-ууд 10 мянган доллароос болж муудалцжээ. Рю Тэ Хён нь “…Син Хёк бид хоёр 3 жилийн өмнөөс танил бөгөөд 2014 оны 6-р дугаар сараас ойр дотно харилцаатай болсон, Син Хёк Солонгосоос бэлэн хувцас оруулж ирж зарвал ашигтай гэхээр нь бид ярилцаад хоёр талаасаа тус бүр 10.000 амдоллар нийлүүлж, ашгаа хувааж авахаар тохиролцож, би түүнд 2014 оны 9-р сард өөрийн хувиа өгсөн, тэгээд би түүний ажиллуулж байгаа дэлгүүрт нь очъё гэхээр очуулахгүй байхаар нь гэнэт очтол хэдхэн муу хувцас, 20 мянган доллар ч хүрэхгүй бараатай байсан, намайг хуурч залилсан байсан, би түүнтэй бичгээр гэрээ хийхээр УИД-ийн урд нэг кафед уулзсан, Син Хёк аяллын визтэй тул хууль бус гэрээ хийх боломжгүй гэж үзэж би мөнгөө нэхсэн, Син Хёк бүх мөнгөөр чинь хувцас авсан гэсэн тул мөнгөө цувуулж өгнө гэж гарын үсэг зур гэхэд зурахгүй байсан, бид хоёр шар айраг 2-3 шилийг уусан. Гэхдээ би согтоогүй байсан. Син Хёк надаар тоглоом тохуу хийгээд байхаар нь миний уур хүрч бухимдаад түүнийг алгадсан нь үнэн, тэр миний толгойг ширээ мөргүүлээд зодсон. Би угаасаа чихрийн шижин өвчтэй тул надаас ямар нэг цус гарч болохгүй гэж бодоод гарт дайралдсан зүйлээрээ түүнийг цохьсон. хэн хэнээ уучилъя, эмчилгээний зардал өгье гэсэн боловч надаас мөнгө л нэхээд байгаа, миний толгой гэмтсэн боловч би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэжээ. Орчуулагч гэх Хо Син Хёк нь “…Монголд аялал жуулчлалын визтэй ирсэн, би эхэлж наймаа хийе гээгүй. Тэ Хёны найз нь Улаанбаатар их дэлгүүрт наймаа хийдэг гээд, хувцас аваад ир гэсэн саналыг надад эхэлж өөрөө тавьсан. Тэ Хён намайг шар айраг ууя гэж дуудсан. Миний авчирсан хувцас таалагдахгүй байна гээд ярьж байгаад, би мөнгийг нь өгөхөөр болсон. намайг явъя гэхэд дахиад нэг ууя, хүлээж бай гээд уусан шар айрагныхаа шилээр цохьсон, намайг гараа зангидаж байгаад цохьсон, би өөрийгөө хамгаалж л энэ хүнтэй ноцолдсон. Би цаашид гоо сайхны мэс засалд орно, үүнийхээ зардлыг нэхэмжилнэ” гэжээ. "IWM" ХХК-ийн захирал, Рю овгийн Тэ Хёныг 3.8 сая, орчуулагч Хо Син Хёкыг 2.8 сая төгрөгөөр торгожээ.
NUUTS.mn
