Б.Хурцыг гүтгэсэн гэх Д.Цогтбаатарын захидлыг хэн задлав…?
Нийтэлсэн: 2015-06-19 02:15:57

ТЕГ-ын экс ажилтан дэд хурандаа Д.Цогтбаатар нь өмнөх үйлдэлдээ хүлээсэн 5 жилийн хорих ялнаас эдлээгүй байсан 3 жил дээрээ ахин гурван сар нэг өдрийн ял нэмүүлээд байгаа гэнэ. Тэр нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр иргэн Б.Хурцын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлгийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэг юм. Д.Цогтбаатар нь АТГ-ын МШХ-д шалгагдаж Төв аймаг дахь Цагдан хорих байранд хоригдож байхдаа тус хорих ангийн тоо бүртгэлээр дамжуулан УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хандаж хүсэлт гаргаснаас энэ хэрэг эхэлжээ. Тэрээр ЦЕГ, Улсын Ерөнхий прокурор, Нийслэлийн прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Их Хурлын Тусгай хяналтын дэд хороо зэрэг төрийн байгууллага, албан тушаалтнуудад хандаж нийт зургаан өргөдөл гомдол явуулжээ. Үүнээс ”Улсын их хурлын хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад” гэсэн захидал нь хэвлэлээр задарсан. Уг нь 2014 оны 5-р дугаар сарын 29-ний өдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор дамжуулж Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт явуулсан юм байж. Д.Цогтбаатар дээрх хүсэлтийг явуулахдаа “нийтэд дэлгэмээргүй асуудал байгаа шүү” гэж цагдан хорих төвийн бичиг хэрэгт хэлсэн байдаг. Уг хүсэлтийг явуулсны дараа тоо бүртгэлээс “нөгөө бичгийг явуулсан уу” гэж асуухад “1 дэх өдөр явуулахаас, 5 дахь өдөр шуудан хаасан байсан” гэж хариулсан гэнэ. Үүнээс хойш Д.Цогтбаатар энэ талаар сонирхоогүй агаад харин хэвлэлээр задарсаныг нь мэдмэгц ихэд гайхжээ . Хохирогчийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр Д.Цогтбаатарын бичсэн захидалд нь Б.Хурцыг таван төрлийн гэмт хэрэгт гүтгэсэн байсан гэнэ. Цахилгааны дэд станц дэлбэлэх зэргээс гадна “Улс төрчдийн но-г илрүүлж байгаад тэднийг удирддаг болно” гэх зэрэг мэдээлэл байгаа нь хүндээр гүтгэсэн хэрэг болжээ.. Хохирогч захидал хэвлэлээр гарсан даруйд шалгуулахаар цагдаад ханджээ. Шалгалтаар гүтгэсэн нь нотлогдож дуудагдан асуугдсан зарим гэрч нар Д.Цогтбаатарын захидалд бичигдсэн зүйлийг уншаад “цаадахын чинь мэдрэл зүгээр үү” хэмээн дуу алдаж байжээ. Дэд хурандаагийн өмгөөлөгчид шалгуулсан асуудал нь тогтоогдоогүй тул гүтгэлэг гэж үзэхгүй гэсэн бол Б.Хурцын өмгөөлөгч харин ч тогтоогдоогүй учраас гүтгэсэн гэж үзнэ хэмээн зад маргалдаж. Д.Цогтбаатарыг гүтгэсэн, гүтгэсэн материалаа тараасан гэж буруутгасан. Тэгвэл хоригдож байгаа хүн яаж яаж мэдээлэл тараах вэ хэмээн өмгөөлөгчид нь эсэргүүцжээ. Тэгээд ч өмгөөлөгчдөөсөө өөр хүнтэй уулзаагүй тул энэ нь мөн батлагдаж байгаа бололтой. Захидлыг хэвлэсэн сониныхон “…эрхлэгчийн нэрээр хаягласан дугтуйтай гар бичмэлийг өглөө ирэхэд хаалган доогуур шургуулсан байсан, нээж үзэхэд “Улсын их хурлын хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатад” гэсэн захидал байсан…гар бичмэлээс шивж оруулаад нийтэлсэн, захидал хадгалагдаагүй, дугтуйг мөн устгасан, сонин дээрээ татаж байршуулах нь том баримт болно” гэжээ. Одоогоор захидал хаанаас задарсан нь тогтоогдоогүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл хэн сонины редакцын хаалганы доогуур шургуулсныг тогтоож чадаагүй аж. Хэрвээ гүтгэсэн нь батлагдах юм бол дэд хурандаад дахин нэг ял нэмэгдэх аюултай гэнэ.
NUUTS.mn
