Ноён уулыг ухахыг хэн хэн дэмжсэн бэ ?
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр дахь Гацууртын орд буюу Хүннүгийн их хаадын булш онгон, түүхийн асар их өв дурсгалыг хэвлийдээ хадгалж буй Ноён уулын бүс нутаг сэглэгдэх аюулаас хоёр дахь удаагаа ийнхүү мултарлаа. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш нь тогтмол буурч, амь аргацаах эцсийн аргаа хайж буй “Сентерра гоулд” компани өнгөрсөн он жилүүдэд манай улсаас багагүй баялаг хүртэж, байгаль орчин сүйтгэснийг бид мэднэ. Бороогийн алтны ордыг хуу хамаад дуусгачихсан тус компани дараачийн ордоор Ноён уулыг сонгосон нь ард иргэд, эрдэмтэн судлаачид, улстөрчдийн өргөн далайцтай эсэргүүцэлтэй тулгарсан юм.“Сентерра гоулд” компани Гацууртын ордыг ашиглах хүсэлтээ Засгийн газарт тавьсны дагуу сар шинийн өмнөхөн “Гацууртын ордод төр 20 хувь эзэмших тухай”асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байв. Тухайн үед Ноён уулаа авч үлдэх гэсэн олон түмний сэтгэл, иргэний хөдөлгөөн, улстөрчдийн тэмцэл хүчтэй байсан учраас “Сентерра гоулд” хийгээд эрх баригчдын санаархал үр дүнд хүрсэнгүй. Гэвч Засгийн газар асуудлыг дахин сөхөж, Гацууртын ордод төр 34 хувь эзэмших тухай яаралтай хэлэлцүүлэхээр болсон юм. Өмнө нь тэд төрийн эзэмшлийн хувийг 20 хувь хүртэл тогтоохоор оруулж ирээд бүтэлгүйтсэн бол энэ удаа 34 хувь болгон өөрчилжээ. Гэвч алтны их бага нь чухал бус. Бидэнд ухаж сэндийчиж боломгүй түүх соёлын үнэт өв дурсгал, байгалийн унаган тогтоц гэж бий.Ноён уулаа хамгаалан үлдэх талаар анхнаасаа тууштай байр суурь баримталж ирсэн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын бие даагчид болон Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар эсэргүүцлээ дахин илэрхийлж, хэвлэл мэдээллээр үндэслэл гарган багагүй ярьсан нь олон гишүүдийн бодлыг өөрчлөв бололтой. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 68.1 хувь буюу 32 гишүүн Ноён уулаа хамгаалан авч үлдэхээр санал өглөө. Харин эсрэг санал өгсөн 15 гишүүнийг гадаадын компаниудын лоббид автсан гэж хэлэхээс өөр нэр олдохгүй нь. Ингээд Ноён уулыг ухахыг дэмжсэн гишүүдийн нэрсийг танилцуулъя.
Д.Ганбат
Л.Гантөмөр
Д.Ганхуяг
С.Дэмбэрэл
Д.Зоригт
М.Зоригт
С.Оюун
Ц.Оюунгэрэл
Д.Сарангэрэл
А.Тлейхан
Д.Хаянхирваа
Л.Энх-Амгалан
З.Энхболд
Н.Энхболд
С.Эрдэнэ нар шүү… Ард түмэн минь сайн санаж аваарай.
NUUTS.mn